
1925 онд БНМАУ-ын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Богд хан уулын аймгийн яамны дэргэд бага эмч 1, сувилагч 2, санитар 1 хэмээх орон тоотой Европ эмнэлгийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэснээр манай аймагт анагаах ухааны анхны улсын төсөвтэй Хүн эмнэлэг байгуулагдсан түүхтэй.
Өнөөдөр Эрүүл мэндийн салбар төр, хувийн хэвшлийн 134 байгууллага, 1300 гаруй ажилтантай, 700 гаруй ахмад настантай их айл болон өргөжиж, анагаах ухааны орчин үеийн эмчилгээ, оношилгоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, аймгийн хөгжлийн тулгуур салбаруудын нэг болж ойн баяраа тэмдэглэж байна. 100 жилийн ойн баярын хуралд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Лүндэг, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Д.Батбаатар, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр нар оролцож Эрүүл мэндийн салбарын түүхэн ойн хугацаанд ажиллаж байсан нийт эмч, ажилтнуудад баяр хүргэлээ.
Мөн Монгол Улсын Хүний Гавьяат эмч Д.Сэмхээ, ахмад сувилагч Н.Дэлгэрсайхан, Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Бат-Эрдэнэ нар эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг төлөөлж дурсамжаа хуваалцаж, ойн баярын мэнд хүргэсэн юм. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой тохиож буй энэ өдөр эрүүлийг хамгаалах их үйлсэд хөлс хүч, мэдлэг чадвар, ур ухаанаа зориулсан гавъяатууддаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж дурсгалын бэлэг гардууллаа.
Салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Ц.Должинсүрэн, Ж.Даваасүрэн, Ж.Пүрэвдорж, А.Чулуунцэцэг нар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Алтан гадас одонгоор 10 хүн, Хөдөлмөрийн хүндэт медаль 6 хүн, салбарын болон аймгийн шагналаар олноороо шагнуулсан өргөн баяр болж байна.
Төв аймгийн хүн амын дундаж наслалт тэртээ 100 жилийн өмнө дөнгөж 40 хүрэхтэй үгүйтэй байсан бол эдүгээ 72,97 болж өссөн нь эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл, ололт амжилтын үр дүн юм.
Аймгийнхаа нийт Эрүүл мэндийн салбарын хамт олонд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хүн ардынхаа эрүүлийг хамгаалах их үйлсэд нь амжилт ерөөе.














