
Төв аймаг, Япон Улсын Осака мужийн Изюмисано хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа 20213 оноос эхэлсэн билээ. Тус хотын граунд гольфийн ахмад тамирчдын төлөөлөл 2025 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулсан "Төв-2025" олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон юм. Тус багийг Япон Улсын Изюмисано хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Наканаши Кацуко тэргүүтэй албаны төлөөлөгчид дагалдан ирсэн бөгөөд өнөөдөр зочдыг Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзан хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн зочдыг Төв аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон Зуунмод сумын Ахмадын хорооны дарга А.Ням-Од нар хүлээн авч уулзан ахмад настны хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцов. Уулзалтын хүрээнд Зуунмод сумын ахмадуудын чөлөөт цагийг өнгөрөөдөг үйл ажиллагаа, тэр дундаа бүжгийн урлаг болон соёлын хөтөлбөрүүдийг танилцуулсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, хоёр орны ахмад үеийн төлөөллийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.



