
Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 30-31-ний хооронд Япон улсын Токио хотод боллоо. Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Үндэсний дата төвийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцов.

ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, голлох амжилтууд болон Ази номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегийн зорилтуудын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог бусад улс орнуудын төлөөлөлд танилцуулсан юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тодруулбал, Ази номхон далайн орнуудад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г экспортлох, олон амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ази номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Токиогийн мэдэгдэл”-ийг хэлэлцэн баталсан юм. Тус тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлж өгчээ.
Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд оролцогч бус тодорхой асуудлуудаар санаачлагч, манлайлагч байхыг зорьж ажиллана.




