
Аймгийн засаг даргын ивээл дор хүнс, хөдөө аж ахуйн салбарын онол практикийн бага хурал боллоо. Тус хуралд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орон тооны бус зөвлөх О.Үржин, О.Цолмон, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Хишигдаваа, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар болон багш нар, сумдын Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл, холбогдох албаны нийт 130 хүн оролцлоо.

Хуралд ХААИС-ийн багш нар Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, малын үүлдэр угсаа сайжруулах, бэлчээрийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, төр болон хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, малчид иргэд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний бодит байдлыг тодорхойлж ажил зохион байгуулж ажиллах талаар мэдээлэл тавьж малчид иргэдийн саналыг сонсож зохион байгуулсан.
Мөн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, төр болон хувийн хэвшлийн уялдааг сайжруулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын үржил, селекцийн ажлыг хэрхэн зохион байгуулж чанаржуулах, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцаж гарц шийдлийг тодорхойлж зөвлөмж боловсруулж ажиллалаа. Онол практикийн хуралд"Монгол хонины ноосон ашиг шимийн гарц, чанарын зарим үзүүлэлтийг судалсан дүн" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор Л.Норовсүрэн, "Биотехнологийн аргаар мал, амьтны нэмэгдэл тэжээл үйлдвэрлэх боломж" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор Б.Урантүлхүүр, "Нутгийн монгол хонины махан ашиг шимийн зарим үзүүлэлт, түүний баталгаажилт" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор Т.Ариунболд, "Малын тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх боломж" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор А.Эрдэнэчимэг, "Малжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн" сэдвээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Хишигдаваа, "Аймгийн хэмжээний бэлчээрийн өнөөгийн төлөв байдал" сэдвээр ХХААГазрын мэргэжилтэн Д.Бямбадорж нар тус тус мэдээлэл хүргэлээ.
