
Ярилцсан дэслэгч А.БИЛЭГТ
Япон Улсын Осака хотноо “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломжтой бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотод зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсын төлөөлөгч, уран бүтээлчид “Монголын амар амгалан-Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёл, үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, ололттой талууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын зочид төлөөлөгч болон жуулчдад хүргэж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнд 158 улс, олон улсын долоон байгууллага оролцсоноороо онцлогтой. Япон улсын Осака хотын захиргаанаас “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, долоодугаар сарын байдлаар 13 сая 800 мянган хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ. Одоогийн байдлаар манай улсын үзэсгэлэнг 2.8 сая орчим хүн үзэж сонирхсон байна. Ингээд Япон Улсын Осака хотод зохион байгуулагдаж буй “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн төлөөлөл болгож дэслэгч Ц.Туяацэцэгтэй ярилцлаа.
-“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд оролцоод ирсэн хилчин уран бүтээлч та бүхэнд нийт хилчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Япон улсыг зориод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Хилчдийнхээ амрыг эрин мэндчилье. Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбар, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын гоцлол хөгжимчин, дэд ахлагч Б.Төгөлдөр, морин хуурч, дэд ахлагч С.Мөнх-Эрдэнэ, гоцлол дуучин, ахлах ахлагч Б.Гончиг, “Эртний цуурай” хамтлагийн ятгачин, ахлах ахлагч Ш.Нямцэцэг болон Эмэгтэй дуучдын ахлагч, дэслэгч Ц.Туяацэцэг миний бие багтсан таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Япон Улсын Осака хотод зохион байгуулагдсан “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд долоодугаар сарын 27-ны өдөр оролцож, эх орон, үндэсний өв соёлоо сурталчлаад ирлээ. Дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэнд эх орон тэр тусмаа Хил хамгаалах байгууллагаа төлөөлөн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээж амжилттай оролцсондоо бахархалтай байна.

-Та бүхэн “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн ямар үйл ажиллагаануудад оролцсон бэ?
-Япон улсыг зорьсон шалтгаан бол “Үндэсний өдөрлөг”-ийн хүндэтгэлийн тоглолт байсан юм. Энэхүү үзэсгэлэнд оролцсон улс орнуудын уран бүтээлчид тусгай хөтөлбөрийн дагуу “Үндэсний өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Үүний нэгэн адил хилчин уран бүтээлчид бид эх орныхоо өв соёлыг сурталчлах “Үндэсний өдөрлөг”-т оролцож, үндэсний урлагийг шингээсэн хүндэтгэлийн тоглолтыг гардан зохион байгуулснаараа онцлогтой. Үндэсний өдөрлөгөөр бид монгол дээлээ өмсөж Япон Улсын Осака хотод амьдардаг монголчуудтайгаа хамт “Дээлтэй Монгол” парадад алхаж, монгол бүжиг бүжиглэн үндэсний хувцсаа дэлхийд танилцуулсан. Монголчуудын хүндэтгэлийн тоглолтын өдөр буюу долоодугаар сарын 27-нд дэлхийн улс орнуудын зочид төлөөлөгч, жуулчид, уран бүтээлчид театр дүүргэж, бусад орнуудын тоглолтоос илүү ач холбогдол өгч сонирхож байсан. Монгол гэдэг нэрийн дор зорьж очсон уран бүтээлчид бидний ахуй, өв соёлыг харуулж байгаа хүндэтгэлийн тоглолтыг маш олон хүн үзсэн нь бахархалтай мэдрэмжийг төрүүлж байлаа.
-Хүндэтгэлийн тоглолтоор үндэсний соёл, урлагийг илэрхийлсэн тоглолт толилуулахад үзэгчид хэрхэн хүлээн авав?
-Монгол ахуй соёл, ардын болон язгуур урлаг гэдэг бол гайхамшигтай үнэ цэнтэй зүйл байдаг. Энэ бүхэн бол бидний хамгийн үнэт эрдэнэ. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн соёлыг эх орныхоо бахархал болгон харуулахаар олон улсын тайзан дээр сурталчилна гэдэг бол хариуцлагатай бөгөөд нэр хүндийн асуудал шүү дээ. Бид үзэгчдийн алга нижигнүүлсэн ташилт, инээмсэглэлээр мялаалгасан тоглолт толилуулж чадсан. Хүндэтгэлийн тоглолтод найруулагчаар “Хүн” театрын бүжиг дэглээч, МУГЖ Д.Энхгэрэл ажиллаж, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчид, Улаанбаатар чуулгын гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Япон улсад үндэсний өв соёл, ардын урлагийг сурталчилж буй хөөмийч, морин хуурч, Соёлын элч Б.Болд-Эрдэнэ, Япон улсад ажиллаж, амьдардаг бүжигчин Г.Бурмаа нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тоглолтын номеруудын тухайд морин хуурчидтайгаа хамтарч Монгол ардын уртын дуу “Уяхан замбуу тивийн наран” дууг эгшиглүүллээ. Харин ХЦДБЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Б.Гончиг маань цэрэг, эх орны сэдэвт “Сайхан монгол орон” дууг дуулж, “Эртний цуурай” хамтлагийн ятгачин, ахлах ахлагч Ш.Нямцэцэг ятгын гоцлолоор ардын дуу хөгжмүүдийг өргөн барьж, морин хуурчид Баруун монгол татлага, хөөмий, хархираагаар үзэгч олныхоо сонорыг мялаалаа.

-Олон Улсад эх орноо сурталчилж буй хилчин уран бүтээлч та бүхэнд урлагийн өндөр амжилтыг хүсье.
-Хилчин уран бүтээлч биднийг Монгол Улс тэр дундаа хилчдээ төлөөлүүлж дэлхийн томоохон үзэсгэлэнд оролцох боломж, нөхцөлөөр хангаж өгсөн Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын захирагч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, дэд хурандаа Б.Болдбаатар тэргүүтэй нийт хилчдэдээ гүн талархсанаа илэрхийлье. Ташрамд бидний оролцсон хүндэтгэлийн тоглолт болон “Дээлтэй Монгол” парад, “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдаж буй бусад арга хэмжээнүүдийг Япон улсын NHK телевиз болон youtube сувгаас та бүхэн хүлээн авч үзээрэй.