Sun Logo
ЭМЯ мэдээллээ НДЕГ-т нийлүүлээгүйгээс иргэд групп тогтоолгохдоо биечлэн очиж байгаа асуудлыг шийднэ
 ЭМЯ мэдээллээ НДЕГ-т нийлүүлээгүйгээс иргэд групп тогтоолгохдоо биечлэн очиж байгаа асуудлыг шийднэ

Чингэлтэй дүүрэгт өнгөрч буй долоо хоногт цахилгаан түр хугацаанд тасарсны улмаас НДЕГ-аас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цахимаар авах боломжгүй болсон. Үүнтэй холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НДЕГ-ын дарга Б.Батжаргал тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзлаа. 

 

Үүсээд буй асуудалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын серверийг Үндэсний дата төв рүү шилжүүлж, гамшиг ослын үед сэлгэн ажиллуулах нөхцөл бололцоог хангах, эсвэл Дархан-Уул аймаг дахь Нөөц төвд мэдээллийн сангийн нөөцийг давхар байршуулах, цаашид төрийн үйлчилгээ тасалдахгүй байх үүднээс арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Үндэсний дата төв болон НДЕГ-т үүрэг болголоо. 

 

Үүнээс гадна, И-Монгол академиас 10 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар НДЕГ-т мэдээлэл өглөө. Тодруулбал, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох, өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хянах зэрэг 10 гаруй үйлчилгээг цахимжуулж, иргэд биечлэн очиж авдаг байдлыг хална гэв. 

 

 

Эдгээр үйлчилгээг цахимаар үзүүлэх бүхий л тогтоол нь байдаг ч Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан мэдээллээ хуваалцдаггүйн улмаас иргэдийн группийг тогтооход зайлшгүй биечлэн ирэх шаардлагатай болдгийг НДЕГ-ын дарга Б.Батжаргал тайлбарлав. Хэрэв ЭМЯ мэдээллээ хуваалцдаг болчихвол дээрх үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа гэдгийг тэрбээр онцлов. 

 

Үүний зэрэгцээ, Архивын ерөнхий газраас үзүүлдэг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах шаардлагатай байгааг мөн энэ үеэр талуур ярилцлаа. Тодруулбал, архив цахимжаагүй байгаагаас үүдэлтэйгээр нэр бүхий аймгууд хуурамч мэдээллийг иргэдэд гаргаж өгөх, улмаар Тэтгэврийн санд ачаалал үүсгэх болжээ.

 

 

Түүнчлэн хүчний байгууллагууд иргэдийн цахимаар авсан үйлчилгээг заавал цаасаар баталгаажуулж байгаа нь НДЕГ-ыг их хэмжээний цаас үйлдвэрлэхэд хүргэдэг гэнэ. Иймд хүчний байгууллагын цахимжилтыг шийдэх шаардлагатай онцоллоо.   

 

Харин нийгмийн даатгалын дэвтэр цахимжсан явдал нь хуурамч Нийгмийн даатгалын дэвтрийг халсан сайшаалтай үйлчилгээ болсон гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан дурдав. 

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс нийгмийн даатгалын цахимжилтад тулгамдаж буй энэ мэт асуудлуудыг шийдвэрлэхэд хийгдэх шаардлагатай ажлын жагсаалт гаргаж, НДЕГ-т танилцууллаа. НДЕГ-ын зүгээс тус саналыг хүлээн авч, хоёр тал саналаа нэгтгэн, асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцов. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
141
Сүүлийн сар:
598
Нийт:
2375
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР