
Монголчуудын нүүдлийн соёл, өв уламжлалыг олон улсын тавцанд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2025 оны 8 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг Тайж хайрханы бэлд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Фестивалийг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ажлын дэд хэсэг хуралдан, зохион байгуулалтын үйл явц, уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг хэлэлцлээ.

Энэ удаагийн фестиваль нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үндэсний онцлогт тулгуурласан соёлын аялал жуулчлалыг дэмжих зорилготой бөгөөд олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Фестивалийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлнэ. Үүнд:
Соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг үнэлэх үзлэгийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор зохион байгуулах;
21 аймаг, нийслэлийн соёлын өвийг таниулах өртөө, үзэсгэлэнгүүдийг байгуулж, үзэгчдэд танилцуулах;
“Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах;
Үндэсний болон орон нутгийн онцлог бүхий хоолны гудамж байгуулж, аялал жуулчдын сонирхлыг татах амт, соёлын өвийг таниулах;
Үндэсний хэв маяг бүхий талбайн тохижилттой амрах бүс, отоглох хэсгийг жуулчдад зориулан байгуулах;
Гар урлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж, уран бүтээлчид, үйлдвэрлэгчдийг дэмжих;
Олон нийтэд зориулсан медиа арт үзэсгэлэн, бүтээлүүд, үзвэрүүдийг хүргэх зэргээр олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.