
Монголын татварын албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” зорилтын хүрээнд 2025-2028 оны стратеги төлөвлөгөө, дижитал маркетинг, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн бодлого зэрэг олон сэдвийг хамарсан илтгэл, хэлэлцүүлэг өрнөв. Зөвлөгөөнд Улсын их хурлын гишүүн Б.Заяабал урилгаар оролцож, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар үг хэллээ. Монголын татварын албаны удирдлагын баг 2024 оны үйл ажиллагааны үр дүнг тодорхойлон, 2025 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, татвар төлөгчид ээлтэй, ил тод үйл ажиллагаа явуулах чиглэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах нэн түрүүний асуудал гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн сургалт, зөвлөгөөнд:
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн “Татварын албаны 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил”, “Татварын албаны 2025-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 2025 оны зорилт, хэрэгжүүлэх ажил”
Олон нийттэй харилцах төвийн дарга Х.Уранчимэг “Дижитал маркетинг ба татварын сурталчилгаа”
Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Ц.Хүрэлхүү “Татварын албаны мэдээллийн аюулгүй байдал, Эрсдэл ба боломж”
ТЗУГ-ын ХНСХ-ийн дарга С.Орхон “Албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа”, “Татварын албаны 2024 оны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хэлэлцүүлгээс гарсан татварын албаны тулгамдаж буй асуудлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт”
Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга З.Буянбадрах “Татварын албаны 2024 оны үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Зөвлөгөөний төгсгөлд Татварын албадын 2024 оны ажлыг дүгнэж, 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.