Sun Logo
Ц.Онон: Хувцсаа дүрмийн дагуу өмсөөд, гутлаа тосолж, үсээ жимбийтэл нь боогоод алхах сайхан
Ц.Онон: Хувцсаа дүрмийн дагуу өмсөөд, гутлаа тосолж, үсээ жимбийтэл нь боогоод алхах сайхан

Эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хэрнээ энгийн даруухан байдлыг Онцгой бүсгүйчүүд илтгэдэг. Чимээгүйхэн хөдөлмөрлөсөн он цагийн товчоон хийсэн ажлыг нь “ярьж”, чимэгтэй нандин дурсамжууд эзнээ тодотгон өгүүлэх нь бахдалтай. Ийм л олон бүсгүйчүүдийн төлөөлөл болох ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын даатгал болон хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Ононг “Nematimes” булан энэ удаад онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласан нь зочныг маань тодотгох бас нэгэн үндэслэл юм. 📌📌Намайг Цэрэнжавын Онон гэдэг. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав маань цэргийн хүн байсан учраас хаана томилогдоно. Тэнд очиж амьдарна, суралцана. Жижигхэн халимаг үстэй, бондгор “нөхөр” аавын цэргүүдийг “командалдаг” байсан гэж бага насны минь тухай хуучилдаг юм. Нийслэлийн 42,50, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын цэцэрлэг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар 2006 онд Банк, санхүү, менежментийн дээд сургуулийг, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. 👩‍🚒Цэргийн хүн болох багын мөрөөдлөө 2010 онд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх болсноор биелүүлсэн. Тухайн үед ОБЕГ-ын Санхүүгийн газарт хувцас хэрэглэлийн няраваар ажлын гараагаа эхлүүлж, 2013 оноос хувцас хэрэглэлийн хангалт хариуцсан мэргэжилтэн, 2022 оноос Даатгал болон хувцас хэрэглэлийн хангалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Айл, гэртэй зүйрлэвэл ар тал, санхүүгийн ажил бол ээж нь гэж хэлж болно. Хувцас хэрэгслийг шинээр албанд нэвтрүүлэх ажил нь судалгаа, төсөв, хөрөнгийн шийдвэрлэлт, худалдан авалт, захиалга, хүлээн авах гээд олон шат дамжлагуудыг дамжина. Тийм ч учраас цаг хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Нөгөө талаар худалдан авалт хийсний дараа анги, байгууллагад хуваарилна, зөв зохистой хэрэглэх, хадгалалт, хамгаалалтад хүртэл анхаарч, ажлуудаа төлөвлөнө. Байнгын л судалгаа, чанар, үүрэг гүйцэтгэлийн онцлог, хэрэглээ гээд шинэ зүйлийг туршин, нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтын хууль, эрх зүйн баримт бичиг, алба хаагчдын хувцас хэрэглэлтэй холбоотой стандартуудыг боловсруулж батлуулах ажлын хэсэгт ажиллаж, дүрэм, журмыг шинээр батлан гаргаж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 141 дүгээр зарлигаар “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар” шинэчлэн батлагдсантай холбогдуулан шинээр батлагдсан хувцас хэрэглэлийн хангалтыг 2025 онд нийслэлийн хүрээний анги байгууллагад, 2026 онд орон нутгийн хүрээний анги байгууллагад олгохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/777 дугаар тушаалаар “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ар тал, хангалтын хэлтсээс хувцас өмсөх дүрмийг алба хаагчдад таниулах, хувцас хэрэглэлийг дүрмийн дагуу өмсөхөд нь хялбар байлгах үүднээс зурган байдлаар танилцуулга бэлтгэсэн. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны А/52 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын хувцас хэрэглэлийн стандартыг шинэчлэн батлуулах” ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг өмнө нь хэрэглэж байсан тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартыг шинэчлэх, шинээр нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа хувцас хэрэглэлийн стандартыг батална. -Анх ажилд ороход манай алба цөөхөн эмэгтэй алба хаагчтай байсан. Тухайн үедээ ёслолын жагсаалыг хараад гоёыг нь гайхдаг, эмэгтэй алба хаагчид яагаад алхдаггүй юм бол гэж хоорондоо ярилцдаг байлаа. Харин 2013 онд анх удаа Онцгой байдлын байгууллагын эмэгтэй хайрцаг Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалд алхах болсноор энэ мөрөөдөл биелсэн. Тэр үеэс хойш өнөөг хүртэл төрийн далбааны өдрийн ёслолын жагсаал, Онцгой байдлын байгууллагын түүхт ойн жагсаалуудад бүсгүйчүүдийнхээ хамтаар тасралтгүй алхаж байна. Нуруу цэх, харц дээгүүр алхан явахдаа албаараа болон бүсгүйчүүдээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. -Албаны дүрэмт хувцас бол миний гоёл. Хувцсаа дүрмийн дагуу гоё өмсөөд, гутлаа тосолж, үсээ жимбийтэл нь боогоод алхах сайхан. Эх орноороо болон гадаад орнуудаар аялах дуртай. Аялал гоё мэдрэмжийг өгөхөөс гадна танин мэдэхүйн хувьд чухал ач холбогдолтой. Ширээний теннис, усан сэлэлт, иог, бүжиг гээд бүх төрлийн л зүйлийг сонирхдог. Мөн дугуй унах, цанаар гулгах хоббитой. -Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг. Миний ханийг Н.Мөнхбаяр гэдэг барилгын инженер мэргэжилтэй. Онцгой байдлын байгууллагад хамт үүрэг гүйцэтгэж байхдаа танилцаж байсан. Одоо бол хувиараа ажил эрхэлдэг. Том охин М.Тэнүүн, бага охин М.Цэлмүүн нар нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуульд суралцаж байна. Миний хувьд багадаа үлгэрийн номноос салдаггүй. Орос үлгэрүүдийг бүгдийг нь цээжилчихсэн байдаг сан. Арван жилдээ адал явдал, гэмт хэргүүдтэй цуврал номыг их уншдаг байлаа. Одоо бол цаг үеэ дагаад хичээл болон ажлын холбогдолтой л ном уншдаг болсон байна. Хамтран үүрэг гүйцэтгэж байгаа ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын удирдлага, хамт олондоо болон нийт алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүсэл бүхэн нь биелж, хүрэх ирээдүйн зам нь дардан байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР