Sun Logo
Ирэх оны улсын төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Ирэх оны улсын төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу болон Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын дагуу салбар бүрээр энэ сарын 15-ны дотор зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийн ажлын хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Гадаад харилцааны сайдын багц болон Шадар сайдын багцын хүрээнд хэлэлцүүлэг боллоо. 

 

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайдын багцын харьяа байгууллагууд болох Хилийн чанадад байгаа Монгол иргэдэд туслах сан, Дипломат төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол–Оросын хамтарсан хилийн комисс болон яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд, албан хаагчид оролцов. Эдгээр байгууллагууд нь гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, соёлын болон боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын асуудлыг шийдвэрлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг тул хэлэлцүүлгийн үеэр тухайн салбарын төсвийн хэрэгцээ, санхүүжилтийн үр ашиг, ирэх оны зорилт, тэргүүлэх чиглэлийг авч хэлэлцлээ. 

 

Мөн Шадар сайдын багцын харьяа Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн захиргаа, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд оролцлоо. Эдгээр байгууллагууд нь улсын аюулгүй байдал, чанар стандартын хяналт, итгэмжлэл, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт зэрэг олон чиглэлээр ажилладаг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр төсвийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүний нөөцийн бэхжилт зэрэг асуудлаар санал солилцов. 

 

 

Хэлэлцүүлэгт иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, 2026 оны Улсын төсвийн төсөлд саналаа хэлж, төсвийн ил тод байдал, үр ашиг, хөрөнгийн зөв хуваарилалт, хэмнэлтийн бодлогыг хангах талаар байр сууриа илэрхийлэв. 

 

Энэхүү арга хэмжээ нь төсвийн хэлэлцүүлгийг зөвхөн төрийн байгууллагуудын хүрээнд бус, иргэд, мэргэжлийн холбоо, ТББ-уудын оролцоотойгоор явуулж, бодлого боловсруулах үйл явцад олон талын санал, санаачилгыг тусгах зорилготой. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн дүгнэж, 2026 оны Улсын төсвийн төслийн эцсийн хувилбарт тусгахаар холбогдох байгууллагууд ажиллах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
80
Сүүлийн сар:
224
Нийт:
1505
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР