
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацаанд насанд хүрээгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байна. Дархан-Уул аймагт 2025 онд барилгын угсралтын ажил эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагууд болон бригадуудад доорхи санамжийг хүргүүлж байна.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 2.1.7-д дараах барилгын ажил, үйлдвэрлэлийн орчны үйл ажиллагаа хамаардаг. Үүнд:
Барилга буулгах, нураах бүх төрлийн үйл ажиллагаа
Барилга барих, засварлах
Цахилгааны ажил
Өнгөлөх, зүлгэх багаж хэрэгсэл ашиглах ажил
Өрлөг
Чулуун хавтан зүсэх, бутлах
Цемент зуурах, холих, өнгөлөх
Гагнах, давтах, металл боловсруулах
Барилгын материал тээвэрлэх
Дээвэрлэх
Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч болон түүнтэй адилтгах бусад ажил
Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил
Иймд дээрх ажлуудыг гүйцэтгэж буй захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагууд болон бригадууд насанд хүрээгүй иргэнийг аливаа барилгын ажилд хамруулахгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомжийг чанд мөрдөхийг сануулж байна.