
АХМАД Б.ТЭМҮҮЖИН: АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХ ТУСАМ УЛАМ ХЭЦҮҮ БОЛДОГ НЬ МИНИЙ СОНИРХЛЫГ ИЛҮҮ ТАТДАГ Миний хэл сурсан түүх их сонин. 2000 онд манайх гэдэг айл Дорнод аймгийн Чойбалсан хотоос Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн англи хэлний сонгоны ангид элсэн орсон юм. Тэр үед би 2 дугаар ангийн сурагч болсон байлаа. Англи хэл мэдэхгүй учраас яаж хурдан сурах, ангийнхаа хүүхдүүдтэй адил түвшинтэй болох вэ гэдэг асуудал тулгарав. Тухайн үеийн хүүхдүүд их тоглодог байсан “Тетрис” гээд шар өнгөтэй тоглоомыг хамаатныхаа эгчээс авч тоглох зуураа англи хэлний үсгээ цээжилнэ. Манай анги англи хэлний сонгоны анги болохоор хүүхдүүд нэгдүгээр ангиасаа үсгээ үзээд бүр уншдаг болчихсон байв. Үсгээ овоо цээжлээд байсан тул “Тетрис” тоглоомны англи үсэг хэлэх дуудлагыг дагаж хэлдэг байсан нь дуудлагаа сайжруулах анхны хичээл минь болсон байх. Дараагаар нь зурагтаар англи үгнүүд гарахад нь үсэглэж, өөрийнхөөрөө нийлүүлж уншдаг болов. Гэсэн хэдий ч би хичээл орох бүрт хичээлээсээ, ангийхнаасаа хоцорч байгаагаа мэдэрсээр байв. Удалгүй ээждээ англи хэлний сургалтад суумаар байна гэдгээ хэллээ. Вакум сургалт нь сарын 25.000 төгрөгийн төлбөртэй байсан тул ээж, ааваас гуйсаар байгаад энэ сургалтад хамрагдахаар болж их баярлаж билээ. Би жаахан шартай хүүхэд байсныг ч хэлэх үү сургалтад суугаад ангийнхнаасаа сайжирна даа гэж зорилго тавьж суралцсан юм. Энэ сургалтад сууснаасаа хойш англи хэлийг улам их сонирхох болж, өглөө хичээлдээ явчихаад өдөр гэртээ ирээд гэр орноо цэвэрлэх зуураа “Cartoon Network” хүүхэлдэйн сувгийг их үздэг байлаа. Үзэх тусам сонсгол, уншлага, дуудлага сайжирсаар. Харин анги дээрээ ангийнхаа нэг найзтай өдөр болгон ямар ч өгүүлбэр зүй, зөв буруу гэхгүй цээжилсэн үгнүүдээ нийлүүлж хоорондоо англиар ярьдаг байсан нь үг цээжлэхэд их тус болсон. Манай анги даасан багш Д.Оролзод гэж мундаг багш маань монгол хэл, бичиг, уран зохиол, англи хэлний хичээлийг бүгдийг нь заадаг байв. Багш биднийг англи хэлний олимпиадад “Test Master” гэдэг тестний номыг ашиглан өдөр болгон хуудас бүрээр нь ажиллуулж бэлдүүлдэг байсан. Ингээд 5 дугаар ангидаа сургуулийнхаа англи хэлний олимпиадад орж алтан медаль авч, мөн дүүргийн олимпиадад оролцон эхний 10 байранд багтав. Үүнээс хойш сургуулийн олимпиадын тэргүүн байрыг 9 дүгээр анги хүртэл авсан. Багш маань надад байнга урам өгдөг байсан тул англи хэлний олимпиад болохоор л намайг “сойж” 11 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан олимпиадад ч алтан медаль авч билээ. Энэ амжилтуудаа би багш нарын хичээл зүтгэл, ач гавьяа байхаас гадна миний англи хэл сурах чин хүсэл эрмэлзлийн маань үр дүн гэж дурсан санах дуртай. Ингээд тухайн үедээ сургуулийнхаа “Алтан түлхүүрийн эзэн”-ээр тодорч шагнуулж, удаа дараа дүүргийн олимпиадуудад эхний 10 байраа алдаагүй. Үүнээс би гадаад хэл сурна гэдэг байнгын хичээл зүтгэл, давтлага, үгийн сангаа баяжуулах, уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорих гэдгийг мэдэж, ойлгож авсан. Ахлах ангиа төгсөөд Техник технологийн коллежид элсэн орж англи хэлний олимпиадад түрүүлж /эхний 15-д багтав/ “Билэг” их сургуульд англи хэлний сургалтад суух эрхийн бичгээр шагнуулж яриа, сонсгол, зохион бичлэг нэлээд сайжирсан. Сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад зохион бичлэг бичих даалгавар өгч, хоорондоо англиар мэтгэлцэж, хэлэлцүүлэг зохион байгуулж өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ хамгаалах гэж нэлээн хичээдэг байлаа. Мэтгэлцээн удирдаж байгаа багш маань үгүйсгэсэн асуулт түлхүү асууж, тэр бүхэнд нь хариулах гэж хичээсэн минь ярих чадвараа эрчимтэй сайжруулах эхлэл болсон бөгөөд энэ мөчөөс хойш англиар ярих “нүүр хагарсан” гэж хэлж болно. Ингээд “Хүрээ” мэдээлэл, холбоо технологийн дээд сургуульд элсэн орж “Bob Von Moss” гэж англи багшаар англи хэлний хичээл заалгаж эхэлсэн. Англи хэлний хичээл дээр би ганцаараа шахам багштай ярьсаар байгаад хичээлийн цаг дуусдаг байсан нь ярианы чадвараа сайжруулах бас нэгэн чухал дасгал болдог байв. Дээд сургуулиа төгсөөд Хилийн цэргийн анги байгууллагад ажиллаад хэрэглээ бага байсан тул англи хэлээ тэр бүр давтаж чаддаггүй байлаа. Харин манай Хил хамгаалах байгууллагаас анх удаа албан хаагчдыг чадавхжуулах үүднээс англи хэлний сургалт зохион байгуулсан юм. Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан шалгалтад тэнцэж 2016 онд Хууль сахиулах их сургуулийн англи хэлний дунд шат болон англи хэлний багш бэлтгэх 3 сарын сургалтад амжилттай хамрагдсан. Тухайн үеийн Ж.Тэгшжаргал, Д.Байгаль, Ш.Алимаа багш нар бидэнд мэргэжлийн англи хэл заадаг байлаа. Энэ үед ажлын өдрүүдэд үндсэн сургалт, амралтын өдрүүдэд хувиараа “ESP” сургалтын төвд IELTS-д бэлтгэх сургалтад хамрагдсаны дүнд шалгалт өгч 5,5 оноо аваад их баярлаж, урамшиж байлаа. Даанч тухайн үед гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлгүүд ихэнх нь 6 оноо буюу түүнээс дээш байсан тул үргэлжлүүлэн ажиллалаа. Тэрнээс хойш англи хэлээ мартахгүйг хичээж, багшаасаа гэрийн даалгавар авч, бие даан суралцан, өөрийгөө аль болох хөгжүүлэх гэж хичээсээр байлаа. Намайг Дотоод хэргийн их сургуульд томилогдоод удаагүй байхад их сургуулийн багш, албан хаагчдад зориулсан TOEFL-ийн шалгалтад бэлтгэх сургалт зохион байгуулагдаж надад суралцах боломж олдсон. Энэ сургалтын үр дүнд манай Их сургуулийн багш, албан хаагчдын англи хэлний мэдлэгийн түвшин эрс дээшилсэн гэж би боддог. Харин 2024 онд БНЭУ-ын ITEC-н “Кибер шүүх шинжилгээ” сургалтад Монгол Улсаа төлөөлөн 14 долоо хоногийн турш 13 орны суралцагчтай хамт Шинэ Дэли хотод суралцсан. Бид бүхэн насан туршдаа мартахын аргагүй нэг ангийнхан болж, одоо ч холбоотой байж англи хэлний мэдлэгээ дээшлүүлсээр байгаа. Энэ сургалтад хамрагдсан төгсөгчдөд ITEC Энэтхэгийн Технологийн яамны сайд биечлэн ирж, амжилт хүсэн, сертификат гардуулсан нь залуучууд бидэнд мартахын аргагүй дурсамж үлдээсэн юм. Энэ нь нэг талаар багаасаа сурсан англи хэлний мэдлэгийн маань ач тус гэж бэлгэшээн сургалтаас сэтгэл дүүрэн эх орондоо ирсэн дээ. Ер нь англи хэлийг сурах тусам улам хэцүү болдог нь миний сонирхлыг илүү татдаг. Хүнд сурч мэдэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж хэзээ ч дуусдаггүй тул суралцах боломж бололцоог хайж суралцсаар байна. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хэн бүхэн өөрийн хобби болсон зүйлээ судалж байгаа хэлээрээ түлхүү үзэх, сонсох, унших, орчуулах нь илүү хурдан, сайн сурах хамгийн шилдэг арга гэж зөвлөе. Энэ аргыг хэрэглэснээр тухайн хүнд ачаалалгүй, стресс дарамт шахалтгүй өөрийн тааваар сурах боломжтой юм гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гадаад хэл сурахыг хичээж байгаа хүн бүхэнд амжилт хүсье. ХАТГ-ын Мэдээлэл, технологийн албаны дарга, ахмад Б.Тэмүүжин