
“Ховдын мэдээ” сонины дэргэдэх Байгаль сэтгүүлч клубийн хүүхдүүд “Зусландаа соёлтой амьдаръя” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус клубийн хүүхдүүд энэ жил Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран ОНХС-ийн санхүүгийн дэмжлэгтэй тус сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас гаргасан “Буянт голын ай сав дагуу мөрдөх журам-“ ыг зуслангийн айлуудад сурталчлан, долоо хоног бүр нөлөөллийн аян өрнүүлсэн юм. Ингэхдээ зуслангийн бүс нутагт өрнөж байгаа зөрчил зөрүүтэй үйлдлийг гэрэл зургийн хамт, рийл, постер бэлтгэн, иргэдтэй биечлэн уулзах, харилцан ярилцлага өрнүүлэх зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулан, нийгмийн сүлжээгээр тогтмол сурталчилж нөлөөллийн аяныг 15 -20 удаа өрнүүлжээ. Тэгвэл энэ удаа намрын нүүдэл эхэлж байгаатай холбогдуулан “Зүлгэн дээр хог бүү үлдээ, гэрийн буурь орчноо цэвэрлэе” уриатай нөлөөллийн ажлыг наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд дээрх клубийн хүүхдүүд Буянт голын хөвөөнд зусланд гарсан айлуудыг нүүхдээ гэрийн бууриа, ойр орчмын 50 метр зайд байгаа хог хаягдлаа цэвэрлэж, орчноо цэвэр хүлээлгэн өгөх шаардлагыг тавин ажиллаж байна.