Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ШАДАР САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙД УИНСТОН ПИТЕРС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ШАДАР САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙД УИНСТОН ПИТЕРС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс нар 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.  

 

 

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” - Шинэ Зеланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв. Тэрээр Шинэ Зеланд Улстай урт удаан хугацааны түншлэлийн харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд тус улсын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь Монгол Улсын хувьд үлгэр жишээ болж урт хугацааны түншлэлийн чухал хөшүүрэг болж байгааг мөн онцлов. 

 

 

Хөдөө, аж ахуй нь манай хоёр орны хувьд чухал салбар бөгөөд хамтын ажиллагааны боломж их байгааг талууд харилцан тэмдэглэж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ мал аж ахуйн салбарт туршлага солилцох, гар ажиллагааг халж, хөдөлмөр хөнгөвчилсөн техник, технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх,  малын ашиг шимийг сайжруулах, чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.  

 

 

Шадар сайд, Гадаад хэргийн сайд ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон хоёр улсын харилцаа өдгөө 50 жилийг туулж, өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеланд Улс нь Монгол Улсын хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд Монгол Улсад олгодог тэтгэлийг нэмэгдүүлэх, олон улсад танигдсан Шинэ Зеландын хөдөө аж ахуйн туршлагаасаа хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.   

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах Улаанбаатарын яриа хэлэлцээ, Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагаа болон 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хуралд Шинэ Зеландын талаас төлөөлөгч оролцуулахыг урьсан болно.     

 

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерс нар албан  ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв. 

  

 

Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй айлчлал юм.   

Тэрээр Парламентад Үндэсний намаас 4 удаа, Шинэ Зеланд Анхдагч намаас 10 удаа нийт 14 удаа гишүүнээр сонгогдож, Гадаад хэргийн сайдаар 3 дахь удаагаа томилогдон ажиллаж буй туршлагатай улс төрч юм.  

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
307
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР