
Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд Төв аймагт ажиллаж ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр Төв аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашид тулгамдаж буй асуудал, алслагдсан сум сууринд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг хүндрэл болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар сонсож, санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хүсэлт ирүүлсэн таван сумын автомашиныг шийдвэрлэж, хүний нөөцийг чадавхижуулах, нарийн мэс засал хийх ур чадварт сургах талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Төв аймаг 2025 онд аймгийн эрүүл мэндийн салбартаа орон нутгийн төсөвт 6,1 тэрбум төгрөгийг тусган Баянжаргалан суманд шинээр эрүүл мэндийн төв барих, Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн их засвар, иргэдэд ээлтэй дэд бүтцийн хүртэмжийг дээшлүүлэх зорилгоор АНЭ-т 293,0 сая төгрөгөөр цахилгаан шаттай болох ажлыг эхлүүлэн тендерийг зарлаад байгаа билээ.




