
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Байгальд амьдрах арга ухаан төсөл”-ийг 2023 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн зорилго нь хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзэл, түүх, өв соёл, уламжлалт ёс заншил, эх оронч үзлийг төлөвшүүлэх, байгальд амьдрах арга ухаанд сурган дадлагажуулах улмаар цахим орчноос хүүхдүүдийг түр завсарлуулж, эх орон, амьдралын үнэ цэн, нийгмийн хариуцлагыг насны онцлогт нь тохируулан ойлгуулахад оршиж байгаа юм. Тэгвэл өнөөдөр “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар”-т Улаанбаатар хот орчмын “Хүүхдийн зуслан”-гийн захирлуудын нэгдсэн цугларалтад хурандаа С.Тэмүүлэнзаяа зарим сургагч багш нарын хамт оролцож “БАЙГАЛЬД АМЬДРАХ АРГА УХААН ТӨСӨЛ”-ийг танилцуулсан юм.
2023 оноос хойш хэрэгжиж байгаа уг төсөл нь маш их үр дүнтэй, сургагч багш нар нь чадварлаг, бүтээлч сэтгэлгээгээр хамтран ажиллаж байсныг өмнөх төсөлд хамрагдсан зуслангийн захирлууд онцолж, бусдадаа тайлбарлаж, төслийн багт талархал илэрхийлж байв. Төгсгөлд нь “Хүүхдийн зуслан”-гийн захирлуудаас хамтран ажиллах эсэх санал авахад уулзалтад оролцсон бүрэлдэхүүний 80 хувь нь буюу 15 зуслан төслийг авч хамтран ажиллахаа илэрхийллээ.