
Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан билээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг Булган аймгийн спортын ордонд зохион байгуулж байна.

Хуралдаанд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С. Батбаатар оролцож, "Бүсчилсэн хөгжил-Шинэ стандарт" сэдвийн хүрээнд хойд бүсийн хөгжилд стандарт ямар үүрэгтэй оролцох талаар илтгэж тавьж, мөн панелистаар суусан юм. Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар "Бүсийн тэргүүлэх салбар, чиглэлийг дэмжсэн шинэ стандартыг боловсруулах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг одоо мөрдөгдөж байгаа стандарттай нийцүүлж, сайжруулах тал дээр Стандарт, хэмжил зүйн газар анхаарна.

Мөн бүс бүрийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодотгож, батлаад байгаатай холбогдуулан орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд гаргах ажлыг дэмжин ажиллана" гэдгийг онцоллоо. Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийн харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлэх зорилготой юм.