
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чум Сүнри-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэж, АСЕАН-ы идэвхтэй гишүүн болох Камбож Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Камбожийн тал Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Талууд Монгол, Камбожийн харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын арвин нөөц бололцоонд тулгуурлан хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Монгол Улс, Камбожийн Хаант Улстай 1960 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.