Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙД Х.АЛБАРЭС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ  ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙД Х.АЛБАРЭС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийлээ. 

 

 

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Испанийн харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, хөгжлийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

 

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын хөгжлийн бодлого, томоохон зорилтуудыг танилцуулж, Испани Улстай харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

 

Хэлэлцээний дүнд талууд хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг олон салбарт өргөжүүлж ажиллахаар тохиролцлоо.

 

 

Мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тухайлбал, “Агаарын харилцааны хэлэлцээр”, “жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх”, “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр”-ийг эцэслэж, ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаа талууд нотоллоо.

 

 

 Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад бодлого, тэргүүлэх зорилтоо танилцуулж, манай улсаас олон улсын түвшинд дэвшүүлсэн санаачилга тухайлбал, ирэх 8 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” болон 2026 онд мөн Улаанбаатарт болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үр дүн, бэлтгэл хангах хүрээнд Испани Улстай нягт хамтран ажиллахаар боллоо. 

 

 

Хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал гэдгийг талууд онцолж, Испани Улсын Төрийн тэргүүн болон Гадаад хэргийн сайдын айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцлоо. 

 

 

Мөн Испанийн Хаанд Улсын Дипломат сургуультай хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, олон улсын харилцаа, испани, хэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, сургахаар боллоо. 

 

Талууд мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР