
Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны асуудлаарх Сайд нарын уулзалтын “Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг хурдасгаснаар ДГХБО-д эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг нэмэгдүүлж, цахимжилтын үсрэнгүй хөгжлийг бий болгох нь” сэдвийн дор болсон панел хэлэлцүүлэгт оролцов.
Тус хэлэлцүүлэгт Тайландын Хаант Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Пайсан Рупаничкиж, Португал Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ана Хавер, Лесото Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, шинжлэх ухаан, технологи, инновацын Сайд Нтати Мүүроси нар мөн оролцов.
Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Цахим монгол” үндэсний хөтөлбөр, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, сайн туршлагын талаар танилцуулав.
Тэрээр хэлсэн үгэндээ нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж буй 40-өөс доош насны иргэд монгол улсад бүтцийн өөрчлөлтийн суурь үндэс болсон цахим шилжилтийг хэрэгжүүлэх хүний нөөцийн давуу талтай болохыг онцолж, төрөөс мэдээллийн технологийн салбар дахь гарааны бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хууль санаачлан хэрэгжүүлэх замаар тэдгээр бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн болон судалгаа, хөгжүүлэлтийн зардлыг дэмжих төрийн бодлогын суурь орчныг бий болгон, тус салбар дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэж буй талаар онцлон тэмдэглэв.
Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бусад улс орнуудтай техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх, мэдлэг солилцох зэрэг хамтарсан төсөл, хөтөлбөр бий болгох зэрэг эерэг үр дагавартай юм.