Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ
МОНГОЛ УЛСЫН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ

Дэлхийн эдийн засгийн чуулганаас 2025 оны 1-р сард гаргасан “Дэлхийн Эрсдэлийн Тайлан 2025”-д Монгол Улсын хувьд дараах 5 эрсдэлийг онцолжээ. Үүнд:

   1. Хөдөлмөрийн болон чадварлаг хүний нөөцийн хомсдол;

   2. Эрчим хүчний хангамжийн дутагдал;

   3. Бохирдол (агаар, ус, хөрс);

   4. Ядуурал ба тэгш бус байдал;

   5. Эрс тэс цаг агаарын үзэгдлүүд (үер, хэт халалт гэх мэт).

 

Хөдөлмөрийн болон чадварлаг хүний нөөцийн хомсдолын хувьд:

Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах асуудал чухлаар тавигдаж байна. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нь хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны ажилгүйдэлд нөлөөлж, тухайлбал залуучуудын ажилгүйдлийн шалтгаан болсоор байна. Өөрөөр хэлбэл нэг талаас ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвар, нөгөө талаас ажиллагчдын эзэмшсэн ур чадварын хоорондын зөрүүтэй байдал тодорхой хэмжээнд үүссэн нь ажилгүйдлийн нэг шалтгаан болж байна.

Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний салбарын дотоод болон салбар хоорондын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдал ажил олгогч болон ажилтан аль ч талдаа хүндрэл бэрхшээл болсоор байна. Ажил олгогчдын зүгээс шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүй, ажил хайгчид нь ажил олгогчийн санал болгосон цалин бага гэсэн шалтгаануудын улмаас ажиллах хүчний хомсдол үүсэж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны сүүлийн 3-н жилийн судалгааны үр дүнгээс харахад 2021 онд судалгаан хамрагдсан нийт  аж ахуйн нэгж байгууллагын 15.9 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн байгаа бол 2022 онд энэ хувь нь 23.6 болж нэмэгдсэн байгаа бол 2023онд 5.5 хувь болж буурсан байна.

Ажиллах хүчний хомсдолын хувьд сүүлийн 10 жилийн хугацааны дундаж үзүүлэлт нь 23.9 мянга бөгөөд олон жилийн ерөнхий төлөв нь өсөх хандлагатай хэдий ч 2023 онд өмнөх оны дүнгээс буурах төлөвтэй бөгөөд дунджаас бага байх хандлагатай байна.

Хомсдолтой ажил мэргэжлийг авч үзвэл 2021 онд цэвэрлэгч/үйлчлэгч, албан тасалгааны, туслах ажилтан, барилгын туслах, малын эмч хамгийн их хувийг эзэлж байгаа бол 2022 онд үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, барилгын туслах, жолооч хамгийн их хувийг эзэлж байна. Харин 2023 онд Үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, даатгалын гэрээ байгуулагч, худалдааны төвийн менежер хамгийн их хувийг эзэлж байна.

Тухайн онд хомсдолтой байсан ажил мэргэжлээр ажиллах хүчний эрэлт хангагдаагүйгээс ирэх оны ажиллах хүчний эрэлтэд ч өндөр хувьтай дурдагдаж, хөдөлмөрийн зах зээлд гол нөлөөг үзүүлсээр байна.

Ажиллах хүчний хомсдол, бүсээр /мян.хүн/

Бүс

2021 он

2022 он

2023 он

 

1

Баруун

1.3

2.0

3.4

2

Хангай

2.8

2.8

4.2

3

Төв

4.1

7.1

3.1

4

Зүүн

0.9

0.8

1.2

5

Улаанбаатар

33.6

36.2

4.3

6

Нийт

42.7

48.9

16.2

 

Ажиллах хүчний хомсдолыг сүүлийн 3-н жилийн хугацаанд бүсээр авч үзвэл баруун болон хангайн бүсийн ажиллах хүчний хомсдол өссөн үзүүлэлтэй байгаа бол Улаанбаатар хотын хувьд буурсан үзүүлэлттэй байна.

Ур чадвар шаардсан ажлын байранд шинэ ажилтан авах нь Монголын олон аж ахуйн нэгж, байгууллагад хүндрэлтэй байна. Энэ нь дараах хоёр үндсэн шалтгаантай: (a) ажилд орохыг хүсэгч цөөн, (б) ажил горилогчид нь байгууллага, аж ахуйн нэгжийн өгч чадах хэмжээнээс өндөр цалин хөлс шаарддаг. Мөн ажил горилогчид нь шаардагдаж буй ур чадвараар дутмаг байгаа талаар олон байгууллага, аж ахуйн нэгжүүд гомдолтой байна . Эдгээр гурван шалтгаан бүгд нийлээд ур чадвартай ажиллах хүч хомсдолтой байгааг илтгэж байна. Энэхүү ур чадварын хомсдол нь Монголын аж ахуйн нэгж, байгууллагын өсөж хөгжих боломжийг хязгаарлаж байна.

2022 оны байдлаар хамгийн тэргүүнд сайжруулах шаардлагатай зургаан гол ур чадвар:

  1. Идэвх санаачилга;

  2. Ажлын ёс зүй;

  3. Суралцах ур чадвар; 

  4. Харилцааны ур чадвар; 

  5. Багаар ажиллах ур чадвар; 

  6. Өөрийгөө удирдах ур чадварууд байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
193
Сүүлийн сар:
803
Нийт:
1155
emongolia
© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР