Sun Logo
“ХУРАНДАА ЯНСАНЖАВЫН РАГЧАА – 100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
“ХУРАНДАА ЯНСАНЖАВЫН РАГЧАА – 100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монгол Улсын хил хамгаалалт, аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм зүтгэлтэн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуулийн захирал асан, хурандаа Янсанжавын Рагчаа мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхийн нэгэн гэрэлт хуудас болон тэмдэглэгдэх энэхүү ойг тохиолдуулан түүний амьдрал, алба зүтгэл, байгуулсан гавьяаг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилго бүхий эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах нь цаг үеийн зайлшгүй шаардлага, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал юм. Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдийн санаачилга, хамтын хүчин чармайлтаар Я.Рагчаа хурандаагийн төрсөн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түүний нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг Дотоод хэргийн их сургуулийн байрлалд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь хурандаа Я.Рагчаагийн байгуулсан гавьяа, үйл хэрэг, үнэт туршлага, манлайллыг түүхэн баримтад тулгуурлан үнэлэх, хадгалах, хойч үедээ таниулах явдал юм. Түүхийн эх сурвалжид тулгуурласан судалгааг нийтийн хүртээл болгох нь зөвхөн түүний гавьяаг түгээн дэлгэрүүлэхээс гадна улс орны тухайн цаг үеийн нийгэм, эдийн нөхцөл байдал, сургалтын арга зүй, цэргийн боловсролын хөгжилтэй хамтад нь ойлгож мэдэх боломжийг олгох юм. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор, хурандаа Ш.Доржбал “Хурандаа Я.Рагчаагийн намтар судлал, амьдралын түүх, бүтээл туурвил”, Хил хамгаалан ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд “Хурандаа Я.Рагчаа Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг сахиулахад хүчин зүтгэсэн нь”, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан-багш, доктор (Ph.D), профессор, хурандаа Ц.Ганболд “Хурандаа Я.Рагчаагийн Монгол Улсын хилийн хамгаалалтад оруулсан хувь нэмэр”, Монгол Улсын Гавьяат багш, Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D), профессор, хурандаа Н.Наранжамц “НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийн захирал, хурандаа Я.Рагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг”, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул “Цагдаагийн байгууллагын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд хурандаа Я.Рагчаагийн оруулсан түүхэн үүрэг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд хурандаа Я.Рагчаагийн оруулсан хувь нэмэр”, мөн түүний ач хүү, цагдаагийн хурандаа Э.Золбаатар “Өнөр бүлийн тэргүүн Я.Рагчаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, түүний амьдрал, хөдөлмөрийн замналд түшиглэн, Хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд болон Монгол Улсын хил хамгаалалт, аюулгүй байдалд оруулсан үнэтэй хувь нэмэр, мөн Цэргийн тусгай дунд сургуулийн захирлын албыг хашихдаа хэрэгжүүлсэн бодлого, санаачилгууд болон өрх гэрийн тэргүүний хувиар үлгэр дуурайлал болсон амьдралынх нь талаар сонирхолтой, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр зорьж байна. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үед орон нутагт ажиллах цагдаагийн болон засан хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч, хилийн цэргийн ангиудад улс төр, байлдааны бэлэн байдлын чиглэлээр ажиллах боловсон хүчний хомсдол үүсэж байсан тул дотоодын нөөц бололцоонд тулгуурлан мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх хэрэгцээ, шаардлага зайлшгүй бий болж, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны 1974 оны 24 дүгээр тогтоол, Сайд нарын Зөвлөлийн 287 дугаар тогтоолыг үндэслэн, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, дэслэгч генерал Б.Дэжид 1974 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 653 дугаар тушаал гаргаж Цэргийн тусгай дунд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан бөгөөд сургуулийн анхны захирлаар хурандаа Я.Рагчааг томилсон билээ. Хурандаа Я.Рагчаа уг сургуулийг тухайн үеийн 164 дүгээр ангийн хашаанд байрлах платкан майхнаас эхлэн босгож, удирдаж байх хугацаандаа өнөөгийн Дотоод хэргийн их сургуулийн хашаанд орших таван давхар гурван корпус, штабын байр, цэргийн гал тогоо, сургалтын болон цэргийн албаны орчныг бүрдүүлж, бодит суурийг тавьсан юм. Тэрбээр 1974–1982 оны хооронд тус сургуулийг удирдахдаа сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсронгуй болгож, багш ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, сахилга бат, байлдааны бэлэн байдал, цэрэгжил жагсаалч байдал, хүмүүжлийн орчныг өндөр түвшинд хүргэсэн билээ. Я.Рагчаа нь Хязгаарын цэрэгт офицерын албанд зүтгэж, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Цагдан сэргийлэхийн дунд сургуульд суралцан төгсөж, аймгийн тусгай хэлтсийн дарга, Хилийн ба дотоодын цэргийг удирдах газар болон хэлтсийн орлогч, Хилийн отрядын даргын албыг зэрэг хашсан, цэргийн болон нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын олон салбарт ажилласан удирдагчийн манлайлал, ухаалаг чиглүүлэлтээр хамт олноо амжилтад хөтөлсөн эрхэм байв. Хурандаа Я.Рагчаа бол зөвхөн сургуулийн захирлын албыг нэр төртэй хашсан хүн төдийгүй, Монголын цэргийн боловсролын онол, практикийг нэгтгэн хөгжүүлэхэд манлайлан зүтгэсэн, эх оронч үзэл, ёс суртахууны үлгэр дуурайлал болсон чадварлаг удирдагч байсан юм. Түүний боловсруулсан сургалтын арга зүй, хүмүүжлийн бодлого, сахилгын дэг журам нь өнөөдрийн хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсролын хөгжилд үнэтэй сургамж, туршлага болон хадгалагдсаар байна. Түүнийг шавь нар нь “хатуу чанга хэр нь хүнлэг удирдагч” хэмээн дурсдаг бөгөөд Я.Рагчаагийн удирдлага дор суралцагсад зөвхөн мэргэжил эзэмших төдийгүй эх оронч үзэл, хариуцлагатай иргэн болж төлөвших хүмүүжлийг хослуулан эзэмшиж байсан нь өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, генералууд, хурандаа нарын амжилтаар баталгаажиж байна. НАХЯ-ны харьяа цэргийн дунд сургууль нь цэргийн, хуулийн, нийгмийн ухааны гэсэн 3 тэнхим, сурагчдын рот, үйлчилгээ аж ахуйн болон харуулын салаатай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол ганцхан жилийн дараа офицер 30, ахлагч 14, сурагч 143, нийт 203 хүнтэй болж өргөжсөн байна. Сурагчдын сурлагын амжилт буюу онц суралцагчийн тоо 1982 оны хүртэлх 8 жилийн хугацаанд 70 хувь болж 8 хувиар өсжээ. Улмаар түүнийг захирлаар ажиллах хугацаанд Цэргийн тусгай дунд сургуулийг дээд сургууль болгож өргөтгөжээ. Багш нарын заах ур чадварыг сайжруулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ЗСБНХУ болон бусад улс орнуудад сургах, шинээр авах багш нарыг бусад их, дээд сургуулиудаас татан авч урилгаар ажиллуулах зэрэг арга хэмжээ авсан нь мөн сургалтын чанарт нөлөөлжээ. Хурандаа Я.Рагчаагийн байгуулсан гавьяа бол нэг сургуулийн хүрээний явдал бус, харин Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэсэн түүхэн бодит, үнэтэй хувь нэмэр билээ. Я.Рагчаа захирлын нэрийг үеийн үед дурсах нь зүй ёсны хэрэг бөгөөд цэргийн боловсрол, ёс суртахуун, эх оронч хүмүүжлийн нэгдлийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ нотлон харуулсан хүн билээ. Я.Рагчаа захиралтай хамтран ажиллаж байсан ажилтан, алба хаагчид, Цэргийн тусгай дунд сургуулийн төгсөгчид болон гэр бүлийн гишүүдээс энэхүү эрдэм шинжилгээний хуралд зориулан түүний талаарх дурсамж, сэтгэгдэл, баримтат мэдээллийг ирүүлсэн бөгөөд хурлын үр дүнд эдгээр илтгэлүүд болон дурсамжийг нэгтгэн, эмхэтгэл хэлбэрээр боловсруулж нийтийн хүртээл болгохоор зорин ажиллаж байна. Эх оронч сэтгэл, манлайлах чадвараараа түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал бол тухайн хүний байгуулсан гавьяаг төр, түмэн, салбарын хамт олон хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм. ЭШХ-ийн Гэмт явдал, цагдаа, дотоодын цэрэг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан-багш, цагдаагийн ахмад Л.Мөнх-Оргил

Холбоотой мэдээ
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
190
Сүүлийн сар:
684
Нийт:
1593
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР