
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХХААХҮЯ, Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй “Алтан хайч-2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотын “Өв соёлын өргөө” цогцолборт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Амарсанаа, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймаг, сумдын удирдлагууд, ХХААХҮЯ-ны албаны төлөөлөл, 20 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагууд, албан хаагчид, малчид, тамирчдын төлөөлөл, мөн Япон улс, Бүгд Найрамдах Вьетнам улс, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын зочид төлөөлөгчид оролцож байна. Энэхүү тэмцээнийг үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Цагаан алт” хөтөлбөрийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлвэрлэлд дэвшилтэд технологиийг нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг уламжлалт гар хайчаар ноослох, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан хайч /анхан болон мэргэжлийн/ -аар хонь ноослох гэсэн 2 төрлөөр зохион байгуулж байгаа ба тэмцээнд 100 гаруй малчин тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Өнөөдрийн тэмцээнд 1970 оны олон улсын тэмцээнд оролцож байсан өдгөө 70 гаруй настай ахмад тамирчин Балжирын Батмөнх гэргий Буджавын Туяагийн хамт оролцож байгаа бол хамгийн залуу тамирчин нь 19 настай н.Тэмүүлэн хүү байв. Тэмцээнийг малын эмч, мал зүйч, ноос судлаач, малчдын төлөөлөл болон Шинэ Зеландын Олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулж байна. Хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх 1961 онд Шинэ Зеланд улс зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ дэлхийн 15 орон өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулдаг аж.










