
Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Батсүмбэр сумын удирдлагууд, ХААН Банкны төлөөлөл, холбогдох албаныхан энэ онд Батсүмбэр суманд 400 га талбайд 1 сая мод тарьж ургуулах гэрээг үзэглэлээ. Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн байгууллагын хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос эхлэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрт мод тарих ажлыг тууштай хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хагас сая орчим мод тариад байгаагаас хамгийн сүүлийн жишээ нь 2021 оноос Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг хийгээд буй. Тэгвэл “ХААН Банкны ой” хөтөлбөрөө улам бүр өргөжүүлж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2030 хүртэл 5 сая мод тарьж, ургуулахаас 2025 онд доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр 1 сая мод тарихаар ийнхүү гэрээнд гарын үсэг зурж байгаа нь энэ юм. Энэхүү ажилд мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд болох “УБТ Гарден” ХХК, “Титэм ой” ХХК, “Халх голын хишиг” ХХК, “Ойн хүрэм” ХХК, “Ой баясах” ХХК “Агрофорест” ХХК, “Бугант нандин” ХХК-тай тус тус хамтран ажиллах бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд зөвхөн мод тариад зогсохгүй 3 жилийн хугацаанд тарьсан моддынхоо арчилгаа, тордолтыг хариуцах ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин Төв аймаг 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

