Sun Logo
“Атрын IV аян” хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
“Атрын IV аян” хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Засгийн газраас газар тариаланг мал аж ахуйтай төгс хослуулан, эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүндээ тулгуурлан хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд “Атрын IV аян”-г зарласан. Хөтөлбөрийг 2028 оныг хүртэл хэрэгжүүлснээр газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана. Үүнийг дагаад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлнэ. Үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Усалгааны дэвшилтэт техник, технологийг суурьшуулснаар нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэх юм. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулан, махны болон сүүний кластер бий болгоно. Энэхүү аяны өөр нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ. Эцэст нь Монгол Улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортод чиглэсэн XXI зууны хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” болон “Атрын IV аян” гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүдийн дүнд хоёр тэрбум экспорт хийж чадна” гэдэг мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР