
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлах офицерын жил” болгон зарласан билээ. Энэхүү зорилтот жилийн хүрээнд нийгэм рүү чиглэсэн төлөвлөгөөт ажлын нэг “Шинэ Хархорум” хотын ойн бүс, ногоон байгууламжид мод тарих ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн ахлах офицеруудын төлөөлөл хуваарьт талбайд мод тарилаа.

Мод тарих ажилд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр оролцож, мод тарьсан бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Өнөөдрийн мод тарих ажил нь “Шинэ Хархорум хот төсөл”, “Ахлах офицерын жил” болон Зэвсэгт хүчний энэ хаврын зорилтоо биелүүлж 300.000 модыг тарих гэсэн гурван том зорилтын хүрээнд хүрээнд явагдаж байна гэдгийг онцолж, Зэвсэгт хүчин “Шинэ Хархорум хот”төсөлийн хүрээнд 600 мод тарих үүрэг авсан түүнийгээ биелүүлж, өнөөдөр дээрх тооны модыг тарилаа. Мод тарих нь иргэн бүрийн үүрэг болоод байгаа иймд иргэнийхээ үүргийг биелүүлээд Та бүхэн ирж мод тарьж, хувь нэмрээ оруулсанд баярлалаа. Мөн Та бүхэн өөрийн амьдарч буй орчин болоод бусад газар илүү олон мод тарихыг уриалж байна" гэв.

Монгол Улс 2030 он гэхэд Тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд байгаа бол уг зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин 27 сая мод тарих үүрэг аваад байгаагаас өнөөдрийн байдлаар 2 сая гаруй мод тарьж ургуулаад байгаа юм.

