
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Отгоны Түмэнбаяр томилогдож, өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байна.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандоржоор ахлуулсан ажил хүлээлцэх ажлын хэсэг болон шинэ албанд томилогдсон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Түмэнбаяр нарыг аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар хүлээн авч уулзлаа.

Засаг даргын зүгээс энэ үеэр шинээр томилогдсон Цагдаагийн газрын даргад ажлын амжилт хүсэж, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг хүсэв.

Цагдаагийн хурандаа О.Түмэнбаярын хувьд Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан ба салбартаа 22 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.
