
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн босгон дээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн малчин Ч.Амартүвшин, В.Оюундэлгэр нарын гэр бүл Монгол Улсын аварга малчин боллоо. Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Шивээговь сумын Засаг дарга Ч.Сугармаа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. В.Оюундэлгэр нь 1999 оноос хойш 25 жил мал маллаж байгаа ба мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, отор нүүдлийг тогтмол хийж малдаа тарга хүчийг бүрэн авхуулдаг байна. Түр ажлын байрыг бий болгох ажлын хүрээнд 2015 оноос одоог хүртэл өөрийн дэргэд цөөн малтай, мал маллах сонирхол бүхий 4 өрхөд тус бүрд 100 толгой бог мал таслан өгч малжуулсан. Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе. Малчин таны ариун цагаан хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж Эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрч байх болтугай.




