
🔷“Хөдөлмөр заслыг хүн бүрд” уриан дор Монголын Хөдөлмөр засалчдын холбооны III чуулган Архангай аймагт өрнөж байна.
🔷Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж байгаа нь энэ удаагийн чуулганд Архангай аймгийн 17 сумын ЭМТ, ӨЭМИТ, хувийн эмнэлэг, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид, Архангай, Өвөрхангай, Дорнод, Дархан-Уул, Дорнод, Ховд зэрэг аймгуудын ХБХ Хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл засалч, нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, оролцогчдын хамрах хүрээ нэмэгдэж илүү бодит үр нөлөөг тодорхойлох боломжтой байгааг оролцогчид дүгнэсэн байна.
🔷Эрдмийн чуулган нь салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг хөндөх, туршлага солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, орон нутгийн сэргээн засах үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хөдөлмөр засалчдын оролцоог хангахад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
🔷Олон улсын чуулган нь 2025.05.26 – 2025.06.07-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд хурлын өмнөх эмнэлзүйн гардан сургалт, хурлын дараах 7 удаагийн сургалтууд багтсан бөгөөд Япон, Хятад, Хонгконг, Австрали зэрэг улсын зочин мэргэжилтнүүд онол дадлага хослосон сургалт, уулзалтуудыг хийж байгаа юм.
🔷Энэ хүрээнд “Мэдрэлийн онцлог ялгаатай хүүхдүүдийг дэмжихэд хөдөлмөр засалч, хэл засалчийн хамтын ажиллагааны үүрэг”, “Түлэгдэлтийн үеийн болон мөчдийн тайралтын дараах хөдөлмөр засал эмчилгээ”, “Харвалт, гэмтийн дараах бие даасан байдлыг сайржуулах аргууд”, “Мэдрэлийн сэргээн засахын хөдөлмөр заслын эмчилгээ, нейропластикийн эерэг, өвөрмөгц үр дүн”, “Аутизмтай хүүхэд ба тадний гэр бүлтэй ажиллах хөдөлмөр засалч, хэл засалчийн хамтын ажиллагаанд суурилсан хандлага”, “Дээд мөчдийн хавсарсан гэмтлийн сэргээн засах эмчилгээ (чиг хийх)” зэрэг сэдвийн дагуу гадаад дотоодын хөдөлмөр засалчид хамтран ажиллаж байна.
🔷Эрдэм шинжилгээний III чуулганы онцлог нь орон нутагт зохион байгуулагдаж, Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр орон нутгаас сэргээн засах багийнхан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн 6 аймгаас төлөөлөл оролцож, эрт үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой мэдээллийг мэргэжилтнүүд авч байгааг онцоллоо.
🔷Олон улсын чуулгантай холбоотой мэдээллийг https://www.facebook.com/Mongolian.OT, https://www.facebook.com/profile.php?id=100087625106820 эдгээр хуудсаар авч болох юм байна.



