
Монгол-Орос хоёр улсын хамтарсан “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич, ОХУ-ын Сэргээн засварлагчдын холбооны тэргүүн Черняева Татьяна Сергеевна, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон хоёр улсын музей, соёлын байгууллагын төлөөллүүд оролцов.
Анхдугаар бага хуралд Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, (Монгол Улсын зөвлөх архитектор З.Оюунбилэг нар “Монгол Улсын соёлын өвийн сэргээн засварлалтын түүх, эрх зүйн орчин, цаашдын хамтын ажиллагаа”, СӨҮТ-ийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга “Монголын археологийн олдворын хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан”, СӨҮТ-ийн Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал “Музейн үзмэрийн сэргээн засварлалт, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Оросын талаас ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич “ОХУ-д түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын тогтолцоо”, Гуравдугаар дэсийн архитектор-сэргээн засварлагч, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэгийн Эрхүү мужийн салбарын орлогч дарга Мател Екатерина Андреевна “Улаанбаатар хотын Зайсан толгойн дурсгалт цогцолборын мозайкын сэргээн засварлалт”, Олон улсын сэргээн засварлах төвийн керамик, гипс сэргээн засварлах урлангийн дарга Щигорец Станислав Борисович “XIII зууны эхний хагаст баригдсан Зүчи ханы бунхны керамик чимэглэлийн сэргээн засварлалт” зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэсэн юм.
Дээрхээс гадна Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ны Археологийн хүрээлэн, Монголын уран зургийн галерей, Байгалийн түүхийн музей, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд тодорхой сэдвүүдээр илтгэлээ.
Мөн энэ үеэр хоёр тал соёлын өвийн сэргээн засварлалтын хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хуралд оролцогсдод сертификат гардуулсан билээ.













