
Танилцуулга
Хуудсанд хандсан нийт тоо : 23
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь анх 1924 онд анх Нийслэл хотын түр захиргаа нэртэйгээр байгуулагдаж, 1925 онд Улаанбаатар хотын захиргааны хэрэг эрхлэх газар, Улаанбаатар хотын аймгийн захиргаа, 1933 онд Улаанбаатар хотын Захиргаа, 1938 онд Улаанбаатар хотын Захирах яам, 1941 онд Улаанбаатар хотын Захиргаа, 1948 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн бага хурал, 1953 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа, 1961 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэртэйгээр ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн...” гэж заасан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэжээ. Үүнд: харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах; Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах; хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох; тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх; татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн өөрчлөлтийн огтлолцол дээр зогсож байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийн гол цэгүүдийн нэг нь нийслэл Улаанбаатар хот болоод байна. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46,7 хувь нь амьдарч, шилжин суурьшилт цаашид ч хурдацтай өсөх төлөвтэй. Улаанбаатар хотод үйлдвэр, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын хөгжил хөдөөнөөс илүү байгаа нь шилжигсдийг татаж, нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувийн жинг өсгөж байна. Хот, суурин газарт ажлын байр найдвартай олддог нь хүмүүсийг ихээр татаж, хотжих үйл явцыг улам бүр өргөжүүлсээр сүүлийн 20 жилд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс шууд шалтгаалж гэр хорооллын өрх, хүн амын тоо эрс өсч байна. Хүн амын энэ төвлөрлийг багасгахыг онцгой анхаарахаас илүүтэй үүнийг үр ашигтай ашиглах нь ойрын ирээдүйд нийслэл хотын хөгжилд хөшүүрэг болно. Ялангуяа амьдрах тав тухтай таатай орчныг бий болгохын тулд байгаль орчин ба хүн ам, эдийн засгийн нягтралыг бий болгох, үйлдвэрлэл, хүн амын хэрэглээнээс орчинд үзүүлэх дарамтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологи, бараа, үйлчилгээний зах зээлийн өсөлтийг дэмжих, орчинд ээлтэй, үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэрэгслийг өргөн дэлгэр ашиглах хэрэгцээ байгаа бөгөөд өсөн тэлж буй нийслэлийн хүн амд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүрэг юм. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 10 хэлтэстэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 6 хэлтэстэй, 35 хэрэгжүүлэгч агентлагтай, 9 дүүрэгтэйгээр баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй; Хүний нөөцийн удирдлагын тасаг; Хүний нөөцийн хөгжлийн төвтэй); Санхүү, төрийн сангийн хэлтэс (Өрийн удирдлагын тасагтай); Хууль, эрх зүйн хэлтэс; Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс; Нийгмийн бодлогын хэлтэс; Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс (Хөрөнгө оруулалтын тасагтай); Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс; Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс; Цэргийн штаб гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Холбоо барих
328922
Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү