2025 ОНЫ ХАТАН ИЖИЙ НАР ТОДОРЛОО
2025-03-12

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон хүүхэд төрүүлж өсгөснөөс гадна гэр бүл, үр хүүхдүүд нь эдгээр салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх “Хатан ижий” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Энэ жилийн шалгаруулалтад 46 ээжийн тодорхойлолт, холбогдох материал ирсэн бөгөөд Б.Манхиа (БИЦУГ), Н.Даваасүрэн (ЦЕГ), С.Жавзан (Зэвсэгт хүчний 327 дугаар анги), О.Цэцэгсүрэн (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги), Д.Бадамжав (Зэвсэгт хүчний 120 дугаар анги), М.Туяацэцэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги), Д.Алтанзул (Зэвсэгт хүчний 119 дүгээр анги), С.Уртнаст (Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл), Д.Удвал (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги), Ю.Жанлав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл) нарын 10 ээж тодорч, “Хатан ижий-2025" хүндэтгэлийн эзэд боллоо.

Их хүндэтгэлийн эздийг алдаршуулах ёслолын арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ц.Одхүү, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ү.Хүрлээ, ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, хурандаа Г.Золзаяа, “Эр цэргийн хатан ижий” НҮТББ-ын тэргүүн Ц.Цэцэгээ, Удирдах зөвлөлийн гишүүн А.Дуламрагчаа, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд зэрэг эрхэм хүндтэй зочид оролцож шагналыг гардуулан баяр хүргэлээ.

2025 оны “Хатан ижий”-гээр шалгарч өргөмжлөл хүртэж буй ээжүүдийн хамгийн залуу нь 49, хамгийн ахмад настай нь 80 настай, мөн 3-9 хүүхэд төрүүлж өсгөсөн, төрийн байгууллагад 21-35 жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээ зориулсан, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр, ач зээ зэрэг 4-14 хүн алба хааж байгаа ээжүүд байна. Энэ жилийн Хатан ижий нар нь Баян-Өлгий, Дорнод, Орхон, Төв аймгаас хүндэтгэлийн ажиллагаандаа ирж оролцож байгаа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчдын залгамж халаа болсон, дөрвөн үеэрээ тангараг өргөн зүтгэсэн ээжүүд юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, хатан ээжүүд нэгдэн НҮТББ-г байгуулж, соёл олон арван үйл ажиллагааг зохион байгуулан, “Хатан ижий” намтарчилсан фото номыг хэвлүүлэн ээжүүдийнхээ гавьяаг мөнхжүүлсний зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчидтай хамтарсан дурсамж өдөрлөг зохион байгуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, чин сэтгэлээ зориулан хөдөлмөрлөхийн зэрэгцээ цэргийн ханийн үүрэг хүлээж, гэр бүл, үр хүүхдүүдээ ачлан тэтгэж, бат найдвартай ар тал нь болж, бахархан дуурайх амьдрал, ажил үйлсийн түүхэн замналыг бүтээж яваа ээжүүдээ алдаршуулах, тэдний гавьяаг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн сайн сайхныг нийгэмд таниулах сурталчлах агуулга бүхий нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон зэрэг томоохон зорилтот ажлуудаа төлөвлөн амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ