
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл болох “Милл кино” компанийн найруулагч Д.Мөнхбат, гүйцэтгэх захирал, продюсер С.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус кино компанийнхан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эр зориг, хүнлэг сэтгэл, тэдний ар гэрийнхний тэвчээр хатуужил, түгшин хүлээх сэтгэлийн тэнхээг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн “Халуун бороо” уран сайхны киног Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийг ойг угтан бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Киноны уран бүтээлийн баг хамт олонд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Алба хаагчдын минь ажил мэргэжлийн онцлог, тэдний найдвартай ар тал болсон гэр бүлийнхний халуун дулаан сэтгэлийг ийнхүү дэлгэцнээ мөнхөлж, үзэгч түмний сэтгэл зүрхэнд хүргэж чадсанд баяртай байна” хэмээн онцоллоо.