Sun Logo
ТӨВ АЙМАГ, ОХУ-ЫН ТӨВ СИБИРИЙН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААР БҮС НУТАГТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
ТӨВ АЙМАГ, ОХУ-ЫН ТӨВ СИБИРИЙН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААР БҮС НУТАГТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 5-наас 8-ны өдрүүдэд ОХУ-ын Төв Сибирийн Красноярскийн хязгаар бүс нутагт ажилласан билээ.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог судлах зорилготой уг албан айлчлалын хүрээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар, Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодорж, Архуст сумын Засаг дарга Э.Энхтөмөр нар болон Монгол Улсын газар тариалангийн салбарт тэргүүлж буй хувийн хэвшлийнхний төлөөллийг ОХУ-ын Красноярскийн хязгаар бүс нутгийн Засгийн газрын тэргүүний орлогч Леонид Шорохов, Хөдөө аж ахуйн сайд Илья Васильев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Красноярск дахь төлөөлөгч Денис Макин, Красноярскийн хязгаар нутгийн Амбан захирагчийн Албаны Гадаад харилцааны газрын орлогч дарга Оксана Царёва, ХАА-н Улсын Их сургуулийн захирал Наталья Пыжикова, Төв Сибирийн ХАҮТ-ийн ерөнхийлөгч Рафаэль Шагеев нар хүлээн авч уулзсан тухай бид өмнө мэдээлсэн.
Албан уулзалтын үр дүнд:
- Төв аймгийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг дадлагажуулах замаар зорилтот бүлгүүдэд чиглэсэн богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах,
- Агрономич, зоо техникч, механикч, микробиологич зэрэг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт нэн шаардлагатай байгаа тусгай дунд мэргэжлийн боловсон хүчнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Красноярскт сургах
- Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг бүс нутагтаа нутагшуулах зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн тэргүүлэх эрдэмтэд хийгээд селекци дээр ажиллаж шинэ сортыг гарган авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн технологийн эрхийг эзэмшиж буй шинжлэх ухааны салбарынхантай хамтран хаврын тариалалт, намрын ургац хураалтад хамтран ажиллах
- Жил бүрийн тогтсон хугацаанд дээд сортын захиалгат үр тариаг ханган нийлүүлэх зэрэг томоохон ажлын гэрээг ойрын хугацаанд байгуулж, хэрэгжүүлэх саналыг ОХУ дэмжин ажил хэрэг болгохоор тохиролцсон.
Мөн Сибирийн хамгийн том, Европын өндөр технологийг ашиглан эрчимтэй хөгжиж буй бүс нутагт тосны ургамал, үрийн төмс тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч «Дары Малиновки» агро холдингийн үйл ажиллагаатай танилцаж, Жаргалант сумын "Жаргалант Шим" ХХК хооронд тогтвортой харилцаа, хамтын ажиллагааны "Санамж бичиг" үзэглэлээ.
«Дары Малиновки» агро холдингийн зүгээс супер элит, элит сортын 30 төрлийн төмсний үр, 43-47 хувийн тослогт чанартай тосны ургамлын үрийг хавар, намрын улиралд Төв аймгийн тариаланчдад ханган нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
132
Сүүлийн 7 хоног:
597
Сүүлийн сар:
1225
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР