
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл, БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол кино өдөрлөг” арга хэмжээ 2 дугаар сарын 5-ны 18:00 цагт нээлтээ хийлээ.
Нээлт Найруулагч Б.Батдэлгэрийн “Шар Гэгээ” уран сайхны кино үзвэрээр эхэлж, ёслолын үеэр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын кино ордны Ерөнхийлөгч Гу Ин Бом, Ханнарэ соёлын сангийн тэргүүн Си Ним /Ким Жин Хэ/, Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал болон "Шар гэгээ" киноны продюсер Ү.Баяржаргал нар үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2025” нээлтийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл болон Монгол уран бүтээлчдийг хүлээн авч албан уулзалт зохион байгуулав.
Мөн Пусан хотын кино ордны Ерөнхийлөгч Гу Ин Бом, дэд Захирал Лий Сун Жин, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нар Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗАА-ны Захиргаа санхүүгийн газрын дарга А.Энхнаран нартай албан уулзалт хийсэн юм. Тус уулзалтын үеэр Пусан хотын кино ордонд цаашид Монгол кино уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох тухай хэлэлцэн санал солилцлоо.