
2024 оны 10 дугаар сарын 30-11 дүгээр сарын 1-ны өдрүүдэд Бээжин хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн комисс (ESCAP) болон БНХАУ-ын Цаг уурын алба, ДЦУБ-ын хамтран зохион байгуулж буй Зүүн хойд Азийн улс орны Байгалийн гамшгуудын эрсдэлийн үнэлгээ, эртнээс сэрэмжлүүлэх системийн чадавхийг бэхжүүлэх нь семинар зохион байгуулагдлаа.

Энэ семинарт ЦУОШГ, УЦУОСМХ, Увс аймгийн УЦУОШТ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ОБЕГ, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн холбогдох 15 албан хаагч оролцов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2022 оны 3-р сард "Бүх нийтийг гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх системээр хангах" (EW4All) санаачилга гаргаж, 2027 он гэхэд дэлхий хүн бүрийг эртнээс сэрэмжлүүлэх системд бүрэн хамрагдсан байхыг уриалсан юм. Энэхүү семинар нь дээрх санаачлага, уриалгыг бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Зүүн хойд Азийн бүсийн зарим орны өнөөгийн гамшгийн эрсдэлийн төлөв байдлыг судлахад чиглэгдэж, ялангуяа Монгол Улсад онцгой анхаарал хандуулж, Бүх нийтийг гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх системийн урьдчилсан үнэлгээг Монгол улсын нөхцөлд зориулан, гамшгийн эрсдлийг бууруулах бусад холбоотой арга зүй, мэдлэг мэдээллээр оролцогч улс орны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн болно.

Семинараар Зүүн Хойд азийн бүс нутагт нүүрлэж буй гамшгийн талаар ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, Бүс нутгийн уур амьсгал, түүний өөрчлөлт, Эртнээс урьдчилан сэргийлэх систем болон гамшгийн эрсдлийг буруулах чиглэлээр Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, БНХАУ-ын туршлага, оролцогч бусад орны туршлага, Гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг бий болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах арга хэрэгсэл, өгөгдөл, мэдээлэл, арга хэрэгсэл, механизмын тойм (ESCAP), Цаг агаарын гамшигт үзэгдлийн прогноз (CMA/WMO, TBC), Түйрэн, орон шуурганы талаарх мэдээлэл ба хэмжилт, судалгаа болон Нөлөөлөлд сууриласан Прогноз (IBF, ESCAP) сэдвүүдийн хүрээнд туршлага солилцож хэлэлцүүлэг хийлээ. Семнарт биечлэн болон онлайн хэлбэрээр нийт 47 оролцогч оролцон 17 удаагийн илтгэл, мэдээлэл, сургалт явууллаа.