Sun Logo
“ЭРДМЭЭР ЖИГҮҮРЛЭСЭН ШОНХОР”-ЫГ БҮТЭЭГЧ

ЗАХ ЗЭЭЛ, АРИЛЖАА НАЙМАА, МӨРӨӨДӨЛ ГУРВЫН ДУНД Л.Одхүү багадаа Баруунтуруун сумдаа гайхагдсан математикч хүү байжээ. Долдугаар ангид байхдаа л аравдугаар ангийн математикийн стандарт мэдлэгийг бүрэн эзэмшчихсэн, илүү гүнзгийрүүлж боддог сурагч байлаа. “Тэр үед олимпиадад бэлдэхдээ 96 хуудастай дэвтрийг долоо хоногт л дүүргэдэг байв шүү дээ. Хичээлээсээ чөлөөлөгдөөд өглөөнөөс үдшийн бүрий тасартал зөвхөн тоо л боддог сон” хэмээн толгой сэгсрэн инээмсэглэв. Тэр их хичээл зүтгэлийнхээ ачаар аравдугаар ангиа төгсөөд орон нутагтаа ирсэн гадаадын сургуулийн цөөхөн хуваариас атгаад авчээ. Ийнхүү 1989 оны намар ЗХУ-ын Газар зохион байгуулалтын инженерийн дээд сургуульд суралцахаар алтан Москваг зорьсон байна. Оюутан болоод удаагүй байхад нь Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж, нийгэм солигдох нь тэр. Зах зээлийн нийгэмд амьдрал, мөрөөдөл хоёрын аль нэгийг сонгох хүндхэн сонголттой нүүр тулж олон залуус их сургуулиа орхисны нэг нь Л.Одхүү. Тэр мөрөөдлөө орхиод ганзагын наймаа эрхлэх болжээ. Алдахдаа алдаж, онохдоо онож арилжаа наймааны жоохон зах зухтай болох үедээ “Наймаа надад зохихгүй юм байна” хэмээн нутаг буцсан нь түүнийг ирээдүйн боловсрол, хөгжилд хөтөлсөн шийдвэр байлаа. Баруунтуруундаа ирээд математикаар бэлдсэн хүүхдүүд нь Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудад элсэх болов. Энэ үед түүнд “Би ч гэсэн бэлдээд элсэлтийн шалгалт өгөөд үзье байз” хэмээх бодол төрснөөр 1999 онд 28 настайдаа Монгол Улсын Их Сургуулийн Математик компьютерийн сургуулийн программ хангамжийн инженерийн ангид элсэн суралцсан түүхтэй. “Өөрөөсөө 10 насаар дүү хүүхдүүдтэй суралцана гэдэг, тэр дундаа барааг нь цөөхөн харж байсан компьютерын инженер болох гээд элсэнэ гэдэг тухайн үедээ зоригтой шийдвэр байлаа” хэмээн тэр ярив. Томьёо мэдэхээс тооцоолуурт компьютерыг товшиж үзээгүй тэрээр эхэндээ хичээлдээ дарагдаж, уйлах нь холгүй л явдаг байж дээ. Тэдний ангийн 30 гаруй хүүхдээс 13 нь л компьютер программ хангамжийн инженер мэргэжлээр төгсөж чадсан гэхээр ямар их шалгуур өндөртэй, жинхэнэ шигшиж төгсгөдөг байсан нь харагдана. “УВС ХҮН ЧАМ ШИГ БАЙДАГГҮЙ” Л.Одхүү их сургуулиа төгсөөд Гадаадын хөрөнгө оруулалттай компанид төслийн менежерээр ажилд оржээ. Тухайн үедээ ховорхон олдох өндөр цалин, хангамжийг эдэлж, сэтгэл тэнүүн байв. Гэтэл нэг өдөр цагдаагийн эчнээ хөтөлбөрт сурдаг багын найз нь “Цагдаагийн академид яг чиний мэргэжлээр орон тоо гарсан байна” гээд залгажээ. Түүний ах нь цагдаагийн мөрдөн байцаагч байв. Ахынхаа цэмбийтэл өмссөн дүрэмт хувцас, биеэ сайхан авч явдаг догь байдалд нь татагдаж түүн шиг хүн болох сон гэсэн нууцхан мөрөөдөлтэйгээ тэр үед л ойлгосон байна. Цагдаагийн академид шалгалт өгөөд сүлжээний инженерээр томилогдон алхахдаа цалин хангамж хэд дахин буурна гэхээс илүүтэй ах шигээ сайхан цагдаа болох нь хэмээн сэтгэл дүүрэн баяртайгаар 2006 онд цагдаагийн офицерийн бүрэлдэхүүнд орж дэслэгч цол шагнагдаж, төрийн тусгай алба хаагч болсон байдаг. Нэг жилийн дараагаас сүлжээний инженер-багш болж үндсэн ажлынхаа хажуугаар мэдээлэл технологийн хичээл заах болов. Л.Одхүүг анх томилогдож байх үед Цагдаагийн академи модемоор авдаг яст мэлхий шиг интернеттэй байж. Өмнөх ажлын газартайгаа харьцуулахад шинэчилмээр, өргөтгөж хөгжүүлмээр зүйл олон анзаарагдах аж. Ах нь цагдаа учраас цэргийн газрын босоо удирдлагыг ерөнхийдөө гадарлана. Тиймээс лабораторийн эрхлэгчдээ л шинэчилмээр, хийж хэрэгжүүлмээр ажлуудаа хэлж ярина. Нөгөөх нь ойлгодоггүй юм уу, эсвэл шинэчлэлийг хүсдэггүй юм уу түүний хэлснийг тоож хэлэлцэх нь ховор. Хэдий тийм ч дарга нартай алгасаж харьцаж болохгүй гэсэн ойлголттой тул нөгөө л эрхлэгчдээ санаагаа тоть шиг давтаж ойлгуулах гэж хичээнэ. Гэтэл нэг удаа Захирлын зөвлөлийн гишүүд оролцсон хурлаар жинхэнэ “арьсаа хуулуулжээ”. Бүх л болохгүй, бүтэхгүй зүйл түүний буруу болж таарлаа. Захирлуудаас хатуухан үг сонсож, бүр Бө.Бат-Эрдэнэ багш “Увс хүн чам шиг байдаггүй юм шүү” гэсэн зэмлэлийг хүртээх нь тэр. Энэ зэмлэл, эдгээр үгс Л.Одхүүд том сануулга, сэрүүлэг болжээ. Ингээд л маргаашнаас нь санал санаачилгаа хэрэгжүүлэхээр захирлуудын үүд татаж, хөөцөлдөж гүйсээр интернет авдаг байсан Эрдэмнеттэй гэрээгээ цуцалж Мэжикнетээс авах болсноор өндөр хурдтай интернеттэй болоодохов. Мөн www.policeacademy.edu.mn домэйн нэр авч Цагдаагийн академийн анхны вэбсайтыг бүтээлээ. Хэдийгээр тухайн үедээ зурган гэж хэлэхээр статик вэб боловч шинэ цагийн сургуулийн вэб сайтын үүсэл суурь нь болсноороо өндөр ач холбогдолтой. Тэр мөн Цагдаагийн академийн бүх сүлжээг сувагчилж шинэчлэн татах ажлыг хийжээ. Энэ ажилд тухайн үеийн ахлах түрүүч Гэрэлт-Од жагсаалын даргатай галын анги өндөр үүрэгтэй оролцож гол ажлыг нугалсныг онцлов. Түүнчлэн “Старсофт” ХХК-тай гэрээ байгуулж Академи анхны дотоод сүлжээний программтай ч болсон байдаг. Мөн тухайн үед ЦЕГ-аас элсэлтээ цахимаар авахаар болж элсэлтийн программ судалтал, 500 мянгаас хоёр сая 500 мянгын хооронд хийх үнийн дүн гарчээ. Гэтэл төсөв муу байгаа шалтгаанаар 10 хоногт багтаан хийх үүргийг Л.Одхүүд өгсөн байна. Хэдий программ хангамжийн инженер мэргэжилтэй боловч энэ ажлаас хөндийрөөд удчихсан байдаг, гэхдээ үгүй гэж хэлэх эрх түүнд байхгүй. Ингээд л өдөр, шөнөгүй сууж, ангийн нөхдөөсөө асууж, оролдсоор хийсэн анхны элсэлтийн цахим бүртгэлийн систем нь ямар ч асуудалгүйгээр ажиллаж, 2011 онд Цагдаагийн ерөнхий газар уг программыг ашиглан анх удаа элсэгчдээ цахимаар бүртгэсэн байна. Эдгээрээс гадна компьютер ховор үед багш нараа нөүтбүүкжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр жанжин шугамд зүтгэсэн гээд эргээд харахад хийж бүтээсэн ажилтай, бахархалт он жилүүдийг тэр үджээ. “Одхүү ганцаараа энэ бүхнийг хийгээгүй. Ямар ч ажил хамт олны хүчээр л явдаг. Манай сургууль үнэхээр сайхан хамт олонтой шүү. Тухайлбал, хамтран зүтгэгч Т.Батням, Б.Өрнөх-Од, Б.Пүрэвсүрэн нартайгаа гар нийлэн олон том ажлын ард амжилттай гарч байлаа” хэмээн тэр ярив. “БАРИЛГАЧИН, БАЛЕТЧИН, БАРИМАЛЧИН...” Сургуулийн сүлжээний бүх ажил буюу одоогийнхоор Мэдээлэл технологийн албаны үүргийг тэр ганцаараа гүйцэтгэхээс гадна 30 хувийн норм хангах багшийн ажилтай. Сургуульд зочин гийчин ирэхэд зураг авч, бичлэг хийх зураглаачийн үүргийг ч гүйцэтгэнэ. Мөн хэвлэлийн эх бэлтгэлийн ажил хийнэ. Шаардлага гарвал программист ч болно. “Байнгын л шогшиж явдаг байлаа даа. Өглөө ирэхэд компьютер үзээд өгөөч гэсэн хүний өрөө рүү явах замдаа өөр хүмүүсийн юмыг янзалсаар орой, эсвэл заримдаа очиж амжихгүй өнгөрөх нь ч бий. Орой нь өрөөндөө суугаад хэвлэлийн эх бэлтгэл хийх, авсан зургаа засаж янзлах, лабораторийнхоо хэдэн компьютерээ засварлах зэрэг ажлаа амжуулна. Тийм л завгүй ажилладаг байж дээ. Энэ их ажлын ард гарахад хамгийн гол түшиг тулгуур бол гэр бүлийн хүмүүс байдаг юм шүү дээ. Миний ажлыг хамгийн их ойлгож дэмждэг, ард минь байдаг асаалттай танк бол миний хань даа” хэмээн Л.Одхүү хурандаа дурслаа. Тэрээр 2009 онд 30 хүүхэдтэй дамжааны анги даасан багш болжээ. Ингээд 2011 онд Дотоод хэргийн их сургууль болон өргөжихөд Мэдээлэл технологийн төвд ахлах багшаар томилогдсон байна. Удалгүй Захиргааны удирдлагын газар ахлах мэргэжилтнээр шилжжээ. Хэдий ахлах мэргэжилтэн болсон ч даасан ангиа заавал төгсгөнө хэмээн зүтгэсний ачаар 2013 онд 36 сонсогчтой Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлийн дамжааг төгсгөсөн байна. Өдгөө тус анги нь он жавуудаасаа анхны “Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн байгууллагын тэргүүний алба хаагч” шагналуудыг хүртсэнийг Л.Одхүү хурандаа бахархан ярив. Тэрээр “Би шавь нартайгаа найз, багш, аав, ах, дарга шиг нь байлаа. Миний шавь нарыг манай гэрийнхэн бүгд танина гээд бод. Үе дотроо цойлсон мундаг хүүхдүүд байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд “Анхны хэлтсийн даргадаа хүндэтгэл үзүүлнэ, багшаа ирээрэй” гээд л дуудаж байна лээ. Миний бас нэгэн бахархал бол энэ хэдэн шавь нар минь юм шүү дээ” гэсэн юм. Их сургуулийн бакалаврын боловсрол олгох сургалтын хүрээнд шинээр элсэлт авах “Мэдээллийн аюулгүй байдал” мэргэжлийн тодорхойлолт, мэргэжлийн анги нээх үндэслэл, элсэлт авах тухай, сургалтын төлөвлөгөө, хичээл заах багшийн ачааллын судалгаа, ашиглагдах ном сурах бичгийн судалгаа зэргийг боловсруулсан бөгөөд 2012 оноос Цагдаагийн сургууль уг мэргэжлээр элсэлт авах эрхээ авсан байна. Тэрээр мөн төгсөгчдийн ном буюу төгсөлтийн нэгдсэн альбом бүтээл хийх санаа гарган 2006 онд анхны нэгдсэн альбом хийж эхэлснээс хойш 6 удаагийн төгсөлтийн гэрэл зургийн цомгийн эх бэлтгэж Их сургуульдаа 36 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан аж. Төгсөгчдийн номын эзэмших эрхийг Зохиогчийн эрхийн 13279 дугаар гэрчилгээгээр Их сургуульдаа шилжүүлжээ. “ЭРДМЭЭР ЖИГҮҮРЛЭСЭН ШОНХОР”-ЫГ БҮТЭЭГЧ Захиргаанд очоод нэг их удалгүй Мэдээлэл технологийн тэнхимийн эрхлэгчээр томилогджээ. Энэ үед Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэвлэх үйлдвэрийн бүтэц орон тоо, техник хэрэгслийг манай сургуульд шилжүүлэх Хууль зүйн сайдын тушаал гарсан байна. “Булгаа хурандаа бид хоёр техникээ авах гээд чадаагүй. Тэр том техникийг яаж ХЗҮХ-ээс ачиж авчрах аргаа олоогүй. Тэгээд хэвлэх цех шиг хэсэг ажиллаж байгаад тухайн үед Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Зоригт хурандаа Хэвлэл редакцын хэлтсийг анх байгуулж байлаа” хэмээн ярив. Анх компьютерын товчийг товшиж ч үзээгүй хүн инженер болохоор суралцаж байсан бол өнөөдөр Их сургуулийн маань анхны вэб сайт, элсэлтийн бүртгэлийн системийг бүтээж, сүүлийн 20 жилийн хугацаан дахь бүх л танилцуулга, брошур, бэлгэдэл, одон медалийн загварын зохиогч бол болжээ. Тэр хүсэл тэмүүлэл, мэдлэг, хичээл зүтгэлээрээ Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн технологийн шинэчлэл, бүтээгч сэтгэлгээний манлайлагч болсон юм. “Их сургуулийн 2005 оноос хойш хийгдсэн бүх л бэлгэдэл, медаль, цом, тэмдгүүд миний загвар” хэмээн Л.Одхүү хурандаа “онгиров”. Цагдаагийн академийн сүүлийн бэлгэдэл, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургууль, 80, 85, 90 жилийн ойн бэлгэдлүүд гээд бүгдийг тэр зуржээ. Нэг лого бүтээх гэж хэдэн арван удаа зурдаг байна. Анх лого хийхдээ “Номтой шонхор” буюу “Эрдмээр жигүүрлэсэн шонхор”-ыг тэр санаачлан бүтээж байжээ. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуультай нэгдэн Дотоод хэргийн их сургууль байгуулагдахад бэлгэдлээ шинээр хийх шаардлага үүссэн байна. Тухайн үед хэдэн арван санаа хүмүүсээс гарч байхад Л.Одхүү “Номтой шонхроо л авч явна. Монгол Улсын дархан хилийг манах, хууль сахиулах, авран хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах төрийн тусгай байгууллагын ирээдүйн шонхрууд энэ л сургуульд өдөлж, эрдмээр жигүүрлэн улам дээш ниснэ гэсэн утга санаа шинэ бэлгэдэлд төгс зохино” гэж боджээ. Р.Чингис захирал мэргэжилтэн бэлтгэдэг цагдаа, хил, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлогийг логондоо тусгах санаачилга гаргахад Л.Одхүү “Номтой шонхроо л авч явна” гэж “гүрийжээ”. Тэгээд эдгээр агентлагийн өнгөнөөс логондоо оруулж шийдэхээр болсон байна. Захирлын зөвлөлийн хурлаар шинэ бэлгэдлийн талаар хэлэлцэхэд олон өнгө зохимжтой биш хэмээн шүүмжлүүлсэн аж. Н.Гантулга захирал сургалтын байгууллагын голлох өнгө болох цэнхэр буюу хөх өнгөөр явах санаачилга гаргасныг бусад нь дэмжин, Р.Чингис захирал “... эрх мэдэл, хүч чадлыг төлөөлсөн хар хөх өнгөтэй болгоё” гэсэн байна. Ингэж л анх Дотоод хэргийн их сургуулийн бэлгэдэл бий болсон түүхтэй аж. Их сургуулийн 80 жилийн ойг 2014 онд тэмдэглэж байжээ. Гэтэл энэ үеэр тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Танай логоны шонхор чинь болжмор шиг л харагдаад байна” хэмээн шүүмжилжээ. Ийнхүү логогоо дахин өөрчлөхөөр болж, нэлээд юм болсны эцэст цагдаагийн шонхрын толгойг ашиглах “мэргэн санаа” төрсөн нь одоогийн номтой шонхрын дүрсийг бий болгожээ. Ингэж л анх “болжмор” гэж шүүмжлүүлж байсан шонхор эрдмээр жигүүрлэсэн хосгүй бэлгэдэл болон дүүлж байна. “Би 90 жилийн ойн логоны уралдаанд оролцох бодолгүй байсан юм. Тэгтэл уралдаанд ирүүлсэн цөөн хэдэн бүтээлтэй танилцахад миний санаанд хүрээгүй. Ингээд л оролцох хэрэгтэй юм байна гэж бодож шалгаруулалтын өмнөх өдөр 4-5 загвар гаргаад хоёрыг нь явуултал шалгарчихсан. Зарим бүтээл санамсаргүй байдлаар маш хурдан гардаг” хэмээн Л.Одхүү хурандаа ярив. Ийнхүү Их сургуулийн захирлын 2024 оны анхны тушаалаар 90 жилийн ойн логог баталж байжээ. Тэрээр Их сургуулийн 90 жилийн ойн хүрээнд нэлээдгүй ажлыг хамт олныхоо хамтаар бүтээснээс дурдвал, үе үеийн эрдэмтэн, судлаачид, профессор багш нарын оюуны хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн “Профессорын эрдмийн дээжис” цуврал ботиуд, таван хадгийг бэлгэдсэн “Тусгаар тогтнолын дархлааг тогтоогчид” бүтээлүүд, бэлэг дурсгалын зүйлс, ойн тэмдгүүд зэргийг нэрлэж болно. ХИЙХ ХҮН АРГЫГ ОЛДОГ, ХИЙХГҮЙ ХҮН ШАЛТАГ ХАЙДАГ Л.Одхүү 2015 онд удаан хүсэж, бэлдэж байсан ОХУ-ын Дотоод явдлын яамны Омскийн академид шалгалт өгч тэнцэн докторын сургалтад явсан байна. Энэ үед сүүлийн хэдэн жил сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажилласан Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн байр ашиглалтад орж, идэвх санаачилгатай ажилласан түүнийг хугацааны өмнө дэд хурандаа цолоор шагнажээ. Тэрээр “Би хошууч цолыг хугацаанаасаа 14 сарын өмнө гардаж байлаа. Их сургуулийн 80 жилийн ойн бэлтгэл ажлыг сайн хийсэн гэж хугацааны өмнө шагнаж байсан юм. Хошууч цолыг жил гаруй зүүгээд л хугацааны өмнө дэд хурандаа цолоор шагнуулсан даа. Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ байрыг барихад нойр хоолгүй, цаг наргүй зүтгэж байсныг үнэлж “Энэ байр ашиглалтад орохоор чамайг тэвхийсэн дэд хурандаа болгоно” гэж С.Баатаржав захирал хэлж байсан юм” гэв. Түүнийг докторантурт суралцаж байх үед амьдралынх нь тулах цэг, түших багана болсон эхнэрийнх нь бие өвдсөн тул сургуулиа орхиод гэртээ иржээ. Монголд ирээд Их сургуульдаа Хэвлэл, редакцын албаны редактораар томилогдож ахлах редактор, албаны дарга болтлоо дэвшин тууштай, үр бүтээлтэй ажиллаж байна. Түүний охин, цагдаагийн дэд ахлагч О.Мөнхням өдгөө аавыгаа залгамжлан төрийн тусгай алба хаагч болохоор БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгийн Шинжлэн магадлахуйн үндэсний их сургуульд шинжээч мэргэжлээр суралцаж байгаа аж. Л.Одхүү хурандаа “Хийх хүн аргыг олдог, хийхгүй хүн шалтаг хайдаг” зарчмыг ажил, амьдралдаа баримталдаг ажээ. Мөн удирдах албан тушаалтныхаа өгсөн “дааж давшгүй” их ажлыг ял гэж биш өөрийгөө харуулах боломж хэмээн хүлээн авч, хичээн зүтгэвэл ажил, амьдрал аандаа тэгшрээд амжилттай явахыг залууст захисан юм. Боловсролын тэргүүний ажилтан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт цагдаагийн хурандаа Л.Одхүү таны ажилд амжилт, амьдралд сайхан бүхний дээдийг хүсье. Ахлах дэслэгч Д.Дайрийжав

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
120
Сүүлийн 7 хоног:
601
Сүүлийн сар:
1385
Нийт:
2018
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР