Sun Logo
Өгөгдөл байгаа салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ
Өгөгдөл байгаа салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас санал авч, үндэсний стратегид тусгаж байгаа билээ. Өнөөдөр /2025.01.30/ Шинжлэх ухааны академитай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. 

 

Эрдэмтэн, судлаачид эхний ээлжид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах саналаа илэрхийлэв. Мөн хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах юм. Тиймээс дээрх асуудлын шийдлийг үндэсний стратегид тусгахыг хүслээ. Учир тус салбарт хувийн хэвшлийн оролцоог хангаж байж, систем цаашаа хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон.  Түүнчлэн ДНБ-ийнхээ 0.5-1 хувийг дээрх салбарт зарцуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, дэмжих хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг чухалчлав. 

 

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн их өгөгдөл цугларсан салбар нь эрүүл мэнд. Хиймэл оюуныг хөгжүүлэх суурь нь өгөгдөл тул дата хаана бэлэн байна тэр салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Тиймээс энэхүү бүрдсэн өгөгдлийг ашиглахад хууль эрх зүйн орчны зохицуулалт чухал. Гэвч аливаа өгөгдлийг ашиглахад зөвшөөрлийн асуудал өнөөдрийг хүртэл гарч байгаа нь хиймэл оюуны хөгжилд тушаа болж байна. Мөн нөөцөө тодорхойлох, өгөгдлийн нэгдсэн стандарттай болох, чанарын үнэлгээ хийх зэрэг асуудлууд ч хөвөрнө. 

 

Үүний дараа хүний нөөцийг бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Засгийн газрын тогтоолоор 2024 онд ШУАИС байгуулагдсан. Дэвшилтэт технологийн чиглэлийн бакалаврын 10, магистрын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Ахисан түвшинд боловсон хүчнээ бэлдэж байж, хиймэл оюуныг нэвтрүүлэх тухай яригдана. Тиймээс төрөөс их дээд сургуулиудын хөтөлбөрийг тогтвортой дэмжиж, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгтэй байна. 

 

 

Түүнчлэн хамгийн их маргаан дагуулдаг асуудал нь оюуны өмч. Оюуны өмчийн зохицуулалтыг хиймэл оюуны үндэсний стратегид тусгах саналыг ч хэллээ. 

 

Манай улсад дээрх чиглэлийн төслүүдэд 10 сая төгрөгийн санхүүжилт хийгддэг байна. Гэтэл өнөөдөр 1GPU 25-30 мянган ам.доллараар үнэлэгдэж байхад 10 сая төгрөгийн санхүүжилт хангалтгүй юм. Бусад улс орнууд ч энэ салбарыг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
108
Сүүлийн 7 хоног:
508
Сүүлийн сар:
1322
Нийт:
1970
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР