
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл, БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2 дахь жилдээ “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ”-ийг энэ оны 2 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн 2 дахь өдөр найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат кино, П.Дэлгэрбаярын “Тойрог”, О.Цэгмэдийн “366 дахь өдөр” уран сайхны кино үзвэрүүдээр үргэлжилсэн ба үзвэрийн дараа “Тойрог” уран сайхны киноны найруулагч П.Дэлгэрбаяр, “366 дахь өдөр” киноны найруулагч О.Цэгмэд, “Мөнхөө” баримтат киноны найруулагч М.Төгөлдөр, зураглаач Г.Алтаншагай, гол дүр А.Есөнмөнх болон түүний гэр бүл Г.Алтангэрэл, Г.Номуун, А.Бөхжанжин, А.Мөнх-Удам нар үзэгчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв. Ярилцлагыг БНСУ-ын Кино судлаач, шүүмжлэгч Уг Ми На хөтлөн явууллаа.
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ”-ийн сүүлийн өдөр найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат кино, П.Дэлгэрбаярын “Тойрог”, О.Цэгмэдийн “366 дахь өдөр”, Б.Батдэлгэрийн “Шар гэгээ” уран сайхны кино үзвэрүүдээр үргэлжлэн нийт 3 өдрийн турш 8 удаагийн үзвэрээр олны хүртээл боллоо.






