
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын угтах ёслолд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар оролцлоо. Монгол, Узбекистан улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хүртлэх хоног харилцан визгүй зорчиж эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 585 иргэн Узбекстанд, Узбекстаны 5078 иргэн Монгол Улсад тус тус зорчсон байна.Түүнчлэн хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2024 онд 10.6 сая ам.долларт хүрч, өссөн байна. Монгол Улс Узбекстан улсад хонь хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдөө мах, полиацетал, поликарбонат зэрэг химийн бүтээгдэхүүн экспортолдог.
