Sun Logo
Б.Мягмарсүрэн: “Суралцагч аймаг” болгон зарлаж, урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг бүх шатанд зохион байгуулж байна
Б.Мягмарсүрэн: “Суралцагч аймаг” болгон зарлаж,  урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг  бүх шатанд зохион байгуулж байна

Мэргэжил бүхэн өөр, өөрийн гэсэн өнгө төрх, дүрийг бий болгож, тухайн хүнээ тодотгож байдаг онцлогтой. Өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу эзэмшсэн мэргэжил бүхэн урт замын аялалын эхлэл болж, амьдралын утга учрыг тодорхойлох нь бий. Энэ л замналаар бидний ажил, амьдралын гараа эхэлдэг жамтай. Ийм л аяллыг эхлүүлж, өдгөө Онцгой байдлын албанд 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Мягмарсүрэн бол nematimes булангийн энэ удаагийн зочин. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан онцоллоо. -Би Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, өссөн. Арван хоёр хүүхэдтэй айлын арав дахь нь. Баян-Овоо сумын 8 жилийн сургууль, Номгон II арван жилийг төгсөж, улмаар Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд удаагүй байхад аймгийн төв зам дагуу тамирын хувцастай ах нарын жагсаал, галын машинуудын цувааг дагаж алхсаар төв талбай дээр ирж байсанаа эргэн дурсахад таатай байна. Тухайн үед Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн болж байсан юм билээ. Тэр үеэс энэ албанд ажиллах хүсэл, мөрөөдлийг тээж, сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр 1998 онд одоогийн нэршлээр аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр томилогдож байлаа.

-Улмаар 2002-2006 онд тухайн үеийн Цагдаагийн академид суралцаж, эрх зүйч-галын албаны ажилтан мэргэжил эзэмшсэнээр офицер болж, 2008-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид Төрийн удирдлагын менежер, 2017-2019 онд ДХИС-ийн Удирдлагын академид суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. Гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхлүүлснээс хойш сургалтын мэргэжилтэн, холбооны мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга гэсэн албан тушаалыг хашсан байна.

- Манай аймгийн хувьд Хангай, тал хээр, говийн бүс гэсэн онцлог бүхий 116 мянган м2 газар нутагтай. Нийт 20 сумын 105 багт 89.1 мянга орчим хүн амьдран суудаг.  Байгаль, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, жилд 60 орчим аюулт үзэгдэл, ослын мэдээ дуудлага бүртгэгддэг. Үүнээс 40 орчим нь объектын түймэр, хүчтэй салхи шуурга, зуд, зам тээврийн осол, газар хөдлөлт эзэлж байна. Тиймээс иргэн бүрийг урьдчилан сэргийлэгч байх хүрээнд аймгийн хэмжээнд энэ онд “Суралцагч аймаг” болгон зарлаж,  урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг  бүх шатанд зохион байгуулж, мэдлэг, мэдээллийг бүх хэлбэрээр өрнүүлж байна. Мөн Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн биелэлтийг хангаж ажилладаг. Тухайлбал,  сар бүрийн сүүлийн 7 хоногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарлаж, хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Хяналтын хуудас” цахим асуумжид хамгийн олон иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагаа хамруулсан амйгаар тодорч,  улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмблэгдэж байна. 

- Албанд орсоноос хойш Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж, бэлтгэл, сургуулилтаа тогтмол хийдэг байлаа. Бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн харваа, гал унтраах техникийн олон төрөлт спорт, 10.000, 5000, 3000, 1000, 100 метрийн буухиа зэрэг хол, ойрын гүйлт гээд бүхий төрлийн спортоор залуус маань хичээллэдэг. Аймаг, орон нутгийн хэмжээнд, төрийн цэргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн, уралдаануудад амжилттай оролцож, сүүлийн 3 жил дараалан тэргүүлснээр шилжин явах цомыг үүрд хадгалан хамт олноороо хадгалан үлдсэн.

-Дуртай ажил мэргэжил, хайртай гэр бүл, өглөө ажилдаа, орой гэрлүүгээ яардаг хүн л хамгийн аз жаргалтай, утга учиртай амьдардаг гэж боддог. Миний ханийг Б.Отгонжаргал гэдэг. Хувиараа жижиг бизнес эрхэлдэг. Говь-Алтай аймгийн харьяат. Бид хоёр охинтой. Том охин М.Анар МУИС-ийг гадаад харилцааны мэргэжлээр төгсөж, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Бага охин М.Итгэл IX ангид суралцаж байна.

-Аймаг, орон нутгийн онцлогийг харуулсан медалон, тэмдэг цуглуулж, өрөөндөө байрлуулах хоббитой. Гэртээ номын сантай. Уран зохиолын төрлийн ном унших дуртай. Зөв хандлага, зөв зарчим, зөөлөн байдал гээд бүх зүйл тухайн хүнийг тодорхойлдог гэж боддог. Бүх шатанд ажиллаж, тухайн мэргэжлийн онцлогийг мэддэг, мэдэрдэг учраас алба хаагчидтайгаа ярилцаж, хамтдаа урагшилдаг.  Ажил, мэргэжлийг ойлгож, үргэлж дэмждэг гэр бүлдээ, хамтдаа бүх зүйлийг бүтээж, нэгэн түүхийг бичилцэж яваа Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлж байна. Алба хаагч бүрийн минь итгэл, сэтгэл дардан байж, авран хамгаалах их үйлс нь өрнүүн байх болтугай. Баярлалаа.  

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
26
Сүүлийн 7 хоног:
125
Сүүлийн сар:
644
Нийт:
2261
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР