Sun Logo
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

 

1. Гэмт хэрэгтэй тэмцэх 

 

1.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах; 

3.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх; 

4.гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах; 

5.Хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах; 

6.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах; 

7. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтран ажиллах; 

8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэнд сэрдэгдсэн хүнийг эрэн сурвалжлах, баривчлах; 

9.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах; 

10.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах; 

11.Гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах; 

12.Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажилд мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцаа авах, татан оролцуулах. 

13.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 10.1.5, 10.1.6-д заасан ажиллагаа явуулахад шаардлагатай тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, тусгай техник, арга хэрэгсэл ашиглах, халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтныг ажиллуулна. 

 

2. Нийтийн хэв журам хамгаалах 

 

1.Цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

2. Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх, байгууллага, алба хаагчийг мэдээллээр хангах; 

3.Гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг ажиллуулах дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бусад арга, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих; 

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 

5.Насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 

7. Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 

8. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах; 

9. Олон нийтийн цагдааг мэргэжил, арга зүйгээр хангах. 

10. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ, мэдээллийг төлбөртэй авч болно. 

 

3. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах

 

1.Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

2. Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээ авах; 

3. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх; 

4.Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх; 

5. Дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах; 

6. Шаардлагатай тохиолдолд улсын онц чухал болон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьект, ачаа тээшийг түр хугацаагаар хамгаалах; 

7. Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх; 

8. Нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт хийх; 

9. Яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх. 

10. Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтыг Засгийн газар батална. 

 

4. Захиргааны хяналт тавих 

 

1.Цагдаагийн байгууллага захиргааны хяналтын чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

2. Хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах, мансууруулах бодис болон галт зэвсэг, сум хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 

3. Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах болон галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх журмын биелэлтэд хяналт тавих; 

4. Зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч болон зөрчлийн тоо бүртгэл хөтлөх; 

5. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх; 

6. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах, хэн болох нь тогтоогдоогүй цогцсыг таниулах ажиллагаа явуулах; 

7. Гээгдэл эд хөрөнгө, мөнгийг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх; 

8. Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх; 

9. Хуульд заасан бусад. 

10. Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан захиргааны хяналтын үүрэг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлнэ

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
101
Сүүлийн 7 хоног:
488
Сүүлийн сар:
1473
Нийт:
2073
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР