
Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр, Дэлхийн банкны менежмент дор Хүүхдийг Ивээх Сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг 2019 оноос хэрэгжүүлсэн. Орон нутгийн хүүхэд залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн хувьсан өөрчлөгдөж буй эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх зорилготой уг төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.4.28/ боллоо.

Төслийн аймгийн зөвлөлийн өргөтгөсөн буюу хаалтын семинарт Засаг даргын орлогч М.Баярт, ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү болон бусад хамтрагч байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд, төсөл хэрэгжигч сумдын удирдлага, сургуулийн захирлууд, ESEL багш, зөвлөхүүд оролцов.

Энэхүү төсөл дуусаж байгаа хэдий ч цаашид орон нутагт төслийн үр шимийг түгээн дэлгэрүүлж, сургууль бүр дээр хэрэгжүүлэхийг зорьж буй. Тодруулбал, Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүүхэд залууст мэргэжил сонголт, санхүүгийн боловсрол олгох, хувь хүний ур чадварыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр “ESEL” хөтөлбөрийн арга зүйг хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, секц, дугуйлангийн хэлбэрээр орон нутагтаа нутагшуулна гэдгийг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Тус төсөл нь Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад хэрэгжсэн. Үүнээс Ховд аймгийн Мөст, Манхан, Зэрэг, Булган, Алтай, Үенч сумдын ерөнхий боловсролын долоон сургууль, Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж төсөлд хамрагдсан юм. Төслийн үр дүнгээс хуваалцвал: -99 багш, зөвлөхүүд бэлтгэгдсэн -7 удаагийн “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL ) сургалтад 2080 хүүхэд, залуусыг хамруулсан -Хүүхэд залуусын сурлагын ахиц нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдсэн - Ховд аймгаас 90 багийн бичил төсөл 289,7 сая төгрөгний санхүүжилт авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Булган, Зэрэг, Манхан, Мөст, Үенч сумдын ЕБС-д 105 ширхэг хосолсон сургалтын таблетийг олгосон байна.



