
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр холбогдох албан хаагчдын хамт УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ч.Анар ахлагчтай ажлын хэсгийн хуралд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийн тухай болон түүний бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Дээрх хуралд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Түвшин, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Мөнхболор, А.Жаргал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа нар оролцож, Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбоотойгоор асуулт асууж, тодруулга авч, санал бодлоо илэрхийлсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар “ажлын хэсгээс гарах дүгнэлтэд “Төрийн байгууллагуудыг харилцан үр дүнтэй хамтарч ажиллах, төрийн бүтээмж, бодлогын уялдааг хангах чиглэлд хяналт, үнэлгээний хэмжүүрийг тусгах шаардлагатай” талаар онцолсон бол, ажлын хэсгийн гишүүд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-г нэвтрүүлэх” ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашид тус системийг нэвтрүүлэхэд анхаарах асуудалд өөрсдийн саналыг өглөө.
Түүнчлэн ажлын хэсгээс УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан, “Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангах, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох, бодлогын хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах” үүрэг чиглэл бүхий УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэгт Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа уялдуулж, санал, дүгнэлт хүргүүлж ажиллах чиглэлийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт өглөө.