
Бүжгийн урлагаар дамжуулан бүжгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг дэглээч багш нарыг тодруулах, харилцан туршлага солилцох зорилгоор Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, 💃 “Elite Dance” бүжгийн студи, Төв телевиз хамтран 💃 “Уран дэг-2025” шилдэг дэглээч багш шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулж байна. Уралдаан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1 дүгээр шатны шалгаруулалтаар эхэлсэн бол өнөөдөр ийнхүү төгсгөлийн шатны шалгаруулалт Монгол туургатан театрын тайзнаа зохион байгуулагдлаа.
Шилдэг дэглээч багш шалгаруулах 💃 “Уран дэг-2025” уралдаанд 27 сумаас шалгарсан 10 сумын бүжгийн дугуйлан, сургалт, студийн 11 багш, нийт 208 сурагч оролцож, бүжгийн ур чадвар, дэглэлт, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулан өрсөлдлөө.
Тус уралдааны🥇🏆 Тэргүүн байранд Лүн сумын “Дуут Хайрхан” бүжгийн клубын багш М.Уранчулуун,🥈Дэд байранд Алтанбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Хулан, 🥉Гутгаар байранд Жаргалант сумын Соёлын төвийн бүжгийн багш А. Золжаргал, 🏅Тусгай байранд Эрдэнэ сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Балжинням нар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн тус уралдаанд оролцсон нийт бүжигчдэдээ Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас батламж гардууллаа.
Уралдаанд оролцогчдын хувьд уран бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа авьяаслаг шавь нараараа дамжуулан харуулж байгаа бөгөөд цаашид уг уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэн, багш, сурагчдын хөгжлийг дэмжиж, улам идэвхжүүлэх зорилготой байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.