
Аймгийн Онцгой комиссын IV хуралдаан өнөөдөр /2025.06.03/ болж өндөрлөө. Хуралдаанаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц ямарваа нэгэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ноцтой байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдал, шуурхай авах арга хэмжээний талаар комиссын гишүүдийн санал бодлыг сонслоо.
Онцгой комиссын хуралд Засаг дарга, онцгой комиссын дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч К. Бахытжан, ЗДТГ-ын дарга Ө.Тиянах болон онцгой комиссын бусад гишүүд оролцов.

Хуралдаанаар урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, Өлгий хотыг тойрон баригдаж буй 27 км үерийн уснаас хамгаалах далан, суваг барих ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонсож, хүүхэд хамгаалалтай холбоотой тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж эрсдэлийг бууруулах тухай хэлэлцэв.

Түүнчлэн, аймгийн ЗДТГ-аас Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газартай хамтарч 6-р сарын 1-эс 9-р сарын 1 хүртэл «90 хоногийн аян» зохион байгуулж тээврийн хэрэгслээр зорчигчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг мөрдүүлэх, хүүхдийн оролцоотой, мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил болон энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн ажлуудыг нэн даруй зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.