ТИКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2025-03-12

Турк улсын хамтын ажиллагааны ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Дэд хөтөлбөр зохицуулагч Шэнбаш Оуузоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Е.Зангар холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Баян-Өлгий аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.

ТИКА байгууллага өнгөрсөн хугацаанд тус аймагт 20 ортой асрамжийн газрын барилга барих, хүүхдийн цэцэрлэг, Нэгдсэн эмнэлгийн тасгуудад засвар хийх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон чухал ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор хүүхэд хөгжлийн төв байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Аймгийн Засаг дарга Е.Зангар тус байгууллага Баян-Өлгий аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд талархал илэрхийллээ.

Мөн уулзалтаар аймгийн удирдлагууд эрүүл мэнд, боловсролын салбараас гадна аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хорт хавдартай иргэдийн хэрэглэдэг зарим эм ховор олдож буйг онцолж, эмч нарыг Турк улсад сургаж, дадлагажуулах, туршлагыг орон нутагт нэвтрүүлэх саналаа уламжиллаа.
ТИКА байгууллагын төлөөлөгч Шэнбаш Оууз хамтын ажиллагааны эдгээр саналыг албажуулан судалж, цаашид дэмжих боломжтой гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Айдана, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батбырбек болон Тика олон улсын байгууллагын орчуулагч оролцлоо.
Холбоотой мэдээ