Sun Logo
Е9 визээр ажиллаж буй иргэд ур чадвараа ахиулахаар сургалтад хамрагдаж байна
Е9 визээр ажиллаж буй иргэд ур чадвараа ахиулахаар сургалтад хамрагдаж байна

Хөдөлмөрийн гэрээт иргэдийг сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх авахад зориулсан сургалтын эхний ээлжийн хичээл 4 дүгээр сарын 20-ны өдөр эхэллээ. Сургалт нийт 60 цаг үргэлжлэх ба долоо хоног бүрийн ням гарагт хичээллэнэ. Онолын болон практик хичээл хосолсон, суралцагчдад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөртэй. Суралцагчид сэрээт машины бүтэц, засвар үйлчилгээний үндэс, жолоодох арга барил, аюулгүй ажиллагааны дүрэм журам зэрэг өргөн хүрээний сэдвийг судална. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа сургалтыг зохион байгуулж буй “Солонгосын хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв” ТББ-ын хамт олонд хөдөлмөрийн гэрээт иргэдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлэв. Тэрээр мөн зөвхөн Е-9 виз төдийгүй, бусад визээр оршин суугч монгол иргэдэд чиглэсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, хамтран ажиллах талаар саналаа уламжиллаа. “БНСУ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв” нь гадаад ажилчдыг дэмжих, ур чадвартай ажиллах хүчин болгож ахисан түвшинд хүргэх, цалин хөлс, амьдралын чанарыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Непал, Шриланка, Бангладеш, Вьетнам зэрэг орны иргэдэд Топикийн шалгалтад бэлтгэх сургалт, техникийн ур чадварын сургалтууд зохион байгуулах, уламжлалт баяруудыг хамтдаа тэмдэглэх, гадаад ажилчдыг дэмжин ажиллагч компаниудыг урамшуулах зэргээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага юм. Монгол хөдөлмөрийн гэрээт иргэдийн сургалтын нээлтийн үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Хвань Вонь Рэ “Энэ сургалт БНСУ-д ажиллаж байгаа гадаад иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулагдсан. Ийм учир та бүхэн сайн суралцаж амжилттай төгсөөд илүү цалин хөлс авч, илүү сайн ажиллаарай” гэж хүслээ. Энэ сургалт нь үнэ төлбөргүйгээс гадна олон төрлийн дэмжлэгтэй. Тухайлбал, сургалтыг ивээн тэтгэгч БНСУ-ын Аж үйлдвэрийн банк (IBK) нь сургалтад оролцогчдыг сурах бичиг, сургалтын төлбөр, жолоодох эрхийн үнэмлэх авах шалгалтуудын төлбөр зэргээр дэмжиж, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд нөүтбүүк бэлэглэх, төгссөн Е-9 визтэй иргэдээс Е-7-4 виз рүү шилжвэл гэр бүлээ Монгол Улсаас урьж авчрахад нь туслах зорилгоор 2 сая воны дэмжлэг үзүүлэх юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
16
Сүүлийн 7 хоног:
203
Сүүлийн сар:
676
Нийт:
1631
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР