
Монополын эсрэг газарт иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу нэр бүхий аж ахуйн нэгжид холбогдох гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж, торгууль ногдуулсан. Тус аж ахуйн нэгж нь эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгуулийг үл зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд гурван шатны шүүхээс Монополын эсрэг газрын улсын байцаагчийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, иргэний өргөдөлд 2024 оны IX сард “Р” ХХК-аар Сөүл чиглэлд нисэх онгоцны тасалбар урьдчилан захиалсан боловч Чингис хаан нисэх буудлын зүгээс тасалбарын үнийг төлөөгүй гэсэн шалтгаанаар онгоцонд суулгаагүй байна. Түүнчлэн “Р” ХХК нь тодорхой бус шалтгааны улмаас иргэнд тасалбарын төлбөрийг буцаан олгоогүй гэжээ. Иргэний гомдлын дагуу Монополын эсрэг газрын улсын байцаагч шалгалтын ажиллагаа явуулж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн тухайн аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль ногдуулан, хэрэглэгчийн хохирлыг бүрэн барагдууллаа.