Sun Logo
Танилц: Монгол хэлний тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Танилц: Монгол хэлний тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд албан бичиг солилцохдоо кирилл болон үндэсний бичгийг хэрэглэх хос бичгийн тогтолцоонд шилжсэн. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь энэхүү хуулийн хэрэгжилтэд тодорхой чиг үүрэг хүлээсэн бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 

 

Монгол хэлний тухай хуулийн 15-р зүйл буюу 15.1.1.-15.1.4. хэсгийн цахим технологи, стандарттай холбоотой зохицуулалтыг тус яам хариуцан хэрэгжүүлж байна. Эдгээр зохицуулалт болон дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн чиг үүрэг, чиглэл, Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын хүрээнд тус яам тодорхой үйл ажиллагаа явуулж ирсэн. 

 

15.1.1. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.1. дэх хэсгийн заалт болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-т тус яам дангаар болон бусад яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр 12 арга хэмжээ тусч тэдгээрийг 95-100 хувийн үзүүлэлттэйгээр хэрэгжүүлсэн болно. Эдгээр арга хэмжээний томоохон бөгөөд суурь гэж болох дараах арга хэмжээг онцолж болно. Үүнд:

 

  • 2022 он. БШУСЯ-наас хөгжүүлсэн албан болон албан бус боловсролын сургалтын материал, сурах бичгийг цахим хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлсэн www.medle.mn системд монгол бичиг дээрх контент, сургалтын порталыг суурь болгон ашиглах, түүнд монгол бичгийн сургалтын контентыг нэмж баяжуулалт хийх боломжийг бүрдүүлж ажилласан. 

     

  • 2023 он. "MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил" үндэсний стандартыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 4-р сарын 25-ны өдрийн С/17 тоот тушаалаар тус тус батлуулсан.

     

  • 2024 он. Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасны дагуу монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Android, MacOS, iOS үйлдлийн системүүдийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн, 2024 оны 11-р сараас хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус драйвар нь дээр дурдсан Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлэгдсэн. 

     

  • Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1. заалтын хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын удирдах, дээд шатны байгууллагуудаас монгол бичгийн олон улсын юникод стандартыг тогтворжуулах, боловсронгуй болгох чиглэлээр дараах захирамж, зарлиг, чиглэлүүд гарсан. Үүнд:

     

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг,

    • Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамж,

    • Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2018 оны 54 дүгээр тэмдэглэл,

    • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны 2017 оны 5/215 тоот чиглэл,

    • Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаал. 

 

Монгол бичгийн олон улсын стандартыг болгох үйл ажиллагаа 1990 оноос эхлэлтэй бөгөөд энэ ажил Монгол Улсын ба ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаачдын 10 орчим жилийн хамтын ажиллагааны үр дүн болж 1999 онд олон улсын хэл бичгийн ISO/IEC 10646 стандарт, Юникод 3.0 стандартад орж баталгаажсан түүхтэй. Монгол бичгийн олон улсын эдгээр стандартууд батлагдсаны дараа монгол бичгийн үндэсний стандарт “MNS 4932:2000. Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм“ батлагдсан. 

 

Монгол бичгийн олон улсын стандартын хувьд ISO/IEC 10646 стандартаар монгол бичгийн кодын оноолтыг, харин монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг Юникодын техникийн дүрмээр (UTN) тогтоож байна. 

 

Монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг боловсронгуй болгох, монгол бичгийн кодчиллын олон улсын стандартыг тогтворжуулах ажиллагааг 2017-2024 онуудад дотоодын болон олон улсын холбогдох байгууллагууд, тухайлбал, Юникод консорциумын Юникодын техникийн хороо, ӨМӨЗО-ны Үндэсний соёлын хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж асуудлыг үүсгэсэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд монгол бичгийн олон улсын кодчиллын асуудал шийдвэрлэгдэж байна.

 

15.1.2. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.2. дэх хэсгийн заалтын хувьд кирилл монгол болон латин үсгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх “MNS 5217:2012, Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг” стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хуульд заасан байгууллагуудтай хамтран кирилл монгол бичиг ба латин галигийн хооронд харилцан хөрвүүлэг хийх хэрэглээ, эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх шаардлагатай.

 

15.1.3. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх” гэж, 15.1.3-т “энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирилл болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааны дагуу кирилл бичгээс үндэсний бичиг рүү хөрвүүлэх программ хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: 

 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2024 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан зохиогчийн эрхийн 16188 дугаартай гэрчилгээ бүхий Дуаллайн ХХК-ийн эзэмшлийн “Алдаа шалгагч, бичиг хөрвүүлэгч” программын үнэ болон бусад холбогдох мэдээллийг тус компаниас хүлээн авсан.

     

  2. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар "Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2024 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Алдаа шалгагч, бичиг хөрвүүлэгч” программыг цахим орчинд нэвтрүүлэх тухай тушаал батлагдсан бөгөөд тус системийг цахим орчинд нэвтрүүлэхээс өмнө кибер аюулгүй байдал зөрчигдөх магадлал, эмзэг байдлын түвшин, түүнээс үүсэх үр дагавар, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөмж дүгнэлт гаргуулан, тэдгээр зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлэн тус системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

     

  3. Дуаллайн ХХК-ийн эзэмшлийн “Алдаа шалгагч, бичиг хөрвүүлэгч” программын үйлчилгээнд шаардлагатай серверийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Үндэсний дата төвд байршуулж, www.monscript.mn домэйнд шаардлагатай санах ойн эрхийг үүсгэн, өгөгдлийн санг байршуулаад байна. 

     

15.1.4. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Энэхүү заалтын хэрэгжилт нь Монгол Улсын бусад хууль, тогтоомжоор ЦХИХХЯ хэрэгжүүлэхээр заасан зохицуулалт буюу программ хангамж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, шинэ эдийн засгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2050”, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” болон бусад эрх зүйн баримт бичгүүдэд заасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн өргөн агуулгатай холбогдож байна. Тухайлал, “Монгол хэлний тухай хууль”-д заасан монгол хэлний цахим технологи, цахим орчин хэрэглээ хөгжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 311 дүгээр тогтоолыг батлуулсан ба “Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр” (Mindgolia) системийг нийтийн мэдээллийн дэд бүтцийн дэмжих системийн хүрээнд бий болгож, системийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг ЦХИХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Эдгээр тогтоол, нөхцлөл шаардлагад монгол хэлний технологи, боловсруулалттай холбоотой программ хангамж, систем, хэрэгслүүдийг нэгтгэх, уг системийн нөхцөл, шаардлагад монгол хэлний чиглэлийн нөхцөл, шаардлага тогтоох зэрэг боломж байна. Түүнчлэн монгол хэл, бичгийн цахим технологи, программ хангамжийн секторт олон улсын юникод стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чиглэсэн шударга өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР